• Г.Амартүвшин: “Эрэл” компанитай хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байгаа

    2019-07-04

    Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин уг албан тушаалыг хашаад хийж хэрэгжүүлж буй болон төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Г.Амартүвшин ажлаа аваад Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй, том зээлүүдийг хэрхэн шийдэх, Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага, зээлийн багцын чанарыг яаж сайжруулах вэ гэдэг гурван асуудалд төвлөрч ажиллаж байгаа аж.

    2019 оны I улирлын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг байгаа бол өөрийн хөрөнгө нь 1.138 их наяд төгрөг, пассив нь 3.106 их наяд төгрөг байгаа гэнэ.

    Нийт зээлийн үлдэгдэл 2.577 их наяд бол эрсдлийн санд 336 тэрбум төгрөг байна. Харин чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж буй аж. Эдгээр том зээлийг шийдэх хүрээнд тухайлбал:

    “Эрэл” компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан комисс байгуулагдаж, хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байгаа аж. Хэрэв энэ судалгаа үр ашиггүй байвал шүүхийн зарчмаар шийдэх нь.

    “Мон лаа” компанийн хувьд шүүхийн шатанд Хөгжлийн банктай эвлэрлийн гэрээ байгуулж, эхний төлөлтөө хийгээд явж байгаа аж. 2019 онд зээлээ дуусгах тооцоотой байна.

    “Хөтөл” компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч, Хөгжлийн банкны барьцаанд авахаар ажиллаж байна. Хэрэв зээлийн барьцаа хөрөнгийг сайжруулах энэ ажил удааширвал мөн шүүхийн шугамаар шийднэ гэдгийг Г.Амартүвшин захирал хэллээ.

    Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    -”Эрэл” дээр хамтарсан үйлдвэр барих шаардлага, үндэслэл юу вэ? 

    -”Эрэл”-тэй холбоотой заавал хамтарсан үйлдвэр байгуулах үүрэг чиглэл байхгүй. Энэ хувилбарыг судалж буй шалтгаан нь тус үйлдвэр чанартай, герман технологи суурилуулчихсан, стратегийн хувьд хэрэгтэй үйлдвэр гэж үзэж байгаа. Санхүүгийн хувьд ирээдүй нь ямар вэ гэдэг нь чухал.   Хөгжлийн банкнаас тус компани 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаас үндсэн зээл нь 100 тэрбум, үлдсэн нь хуримтлагдсан хүү. Энэ зээлийн үлдэгдлийг ямар байдлаар, хэдий хугацаанд төлүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Хэрэв судлаад эргэлзээтэй байвал зээлийн гэрээний дагуу шүүхээр шийднэ.

    -”Эрэл” групп хэдэн төгрөг аваад хэдийг нь төсөлдөө зарцуулсан бэ? Бага хэмжээг нь л төсөлд зарцуулаад үлдсэнээр нь гадаадад мөрийтэй тоглосон гэсэн мэдээлэл байна. 

    -Дийлэнх нь төсөлдөө орсон байсан. Гадаад явж тоглосон гэдгийг хариулж мэдэхгүй,  шаардлагатай бол хуулийн байгууллагаас хариу авна. Одоогоор дийлэнх мөнгө төсөлдөө орсон. Харин явцын дунд төслийн өртөг маш их нэмэгдсэн. Энэ бол үнэн.

    -ОУВС арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Гэтэл нэг банк Хөгжлийн банкнаас зээл авч өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэсэн мэдээлэл байна. Хэрэв үнэн бол яагаад ийм зээл өгсөн юм бэ?

    -Хөгжлийн банкнаас эх үүсвэр аваад банканд өөрийн хөрөнгө оруулсан гэсэн асуудлыг сайн мэдэхгүй. Нэг сарын дотор тийм гараагүй нь тодорхой. Одоогоор тийм том зээл байхгүй. Хөгжлийн банкнаас өөрийн мэдэлд байгаа чөлөөт эх үүсвэр 900 тэрбум төгрөг. Энэ мөнгийг аль болох ашигтай хувилбараар байршуулах вэ гэдэг дээр ажиллана. Зээлийн багцад оруулах нь ашигтай. Журамдаа оруулж буй бас нэг өөрчлөлт нь арилжааны банкуудад байршуулсан мөнгийг заавал барьцаатай, харилцан хадгаламж хэлбэрээр, эсвэл үнэт цаас хэлбэрээр байршуулахаар болсон, Капитал банкны сургамжаас үүдэн.

    -ЗГХЭГ-аас 7-8 компани огт зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл өгсөн. 

    -Зарим нь зээлээ төлж байгаад тодорхой хугацааны дараа больсон байна лээ. Зарим нь зээлийн бүтэц хэт богино хугацаатай байсан тул хугацааг нь сунгаад явсан байдаг. Үйл ажиллагаа явуулдаг бодит компани байна уу гэвэл байна. Бид аль болох нөхцөлийг нь  өөрчлөөд зээлийг төлүүлэх талаар ажиллаж байгаа.

    -Хөгжлийн банкны нийт хэдэн төгрөг арилжааны банкуудад байна вэ? 

    -440 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас, 300 тэрбум төгрөгийн хадгаламж, тэр дотроо дамжуулан зээлдсэн мөнгө орсон байгаа.

    -Дээр дурдсан компаниудын зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ?

    -”Хөтөл” компанийн үлдэгдэл 236 тэрбум, “Мон лаа” 8.3 тэрбум төгрөг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ