• Тархины цусан хангамж сайжруулах эмийг 60, зүрх судасны эмийг 34-81 хувь хүртэл хөнгөлжээ

    2019-07-04

    Хөнгөлөлттэй олгодог  эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж байгаа талаа ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Ялангуяа, зүрх судас, тархины цусан хангамжийг сайжруулж эмүүдийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн байна.

    Тодруулбал, шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөс болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай эмийн үнийг бууруулах талаар уулзалт, хэлэлцээ хийснээр 58 нэрийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулжээ.

    Мөн эрүүл мэндийн салбарын “Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх” зорилтын хүрээнд 120 нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлж, шинээр нэмж, үнийн дээд хязгаарыг бууруулсан байна. Энэ нь ахмад настнуудын дийлэнх хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81 хувиар, тархины цусан хангамжийг сайжруулах 10 гаруй эмийг 60 хүртэлх хувиар тус тус хөнгөлжээ.

     Өнгөрсөн онд ЭМДС-гаас эмийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын дийлэнх буюу 72 хувийг 0-5 насны хүүхдүүд болон 50-аас дээш насны иргэд эзэлжээ. Үүн дотроо 58 хувийг 50-аас дээш насны иргэд эзэлсэн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг хэллээ.

    2018 онд эмийн үнийн хөнгөлөлтөд 37.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 33.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.

    ЭМДС 2018 онд 800 гаруй эмийн сантай гэрээтэйгээр иргэдэд даатгалаар хөнгөлөлт үзүүлж байсан бол энэ онд улсын хэмжээнд 1,026 эмийн сантай гэрээ байгуулсан. 400 гаруй эмийн сангаар тоог нэмэгдүүлсэн байна.

    Эмийн сангуудын үнийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг хугацаа богино байгаа талаар иргэдийн гомдол их гардаг. Энэ тухайд гэвэл нийслэлд даатгалаар үйлчилж буй эмийн сангуудын 20 орчим хувь, орон нутгийн эмийн сангуудын 60 гаруй хувь нь 14-өөс дээш хоног хөнгөлөлттэй үнээр эм олгож байгаа аж.

    Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг ЭМДЕГ-ын 70101128 дугаарын утсаар холбогдож авах, мөн тус газрын emd.gov.mn вэб сайтын Эмийн сангийн төсөв цэснээс шууд харах боломжтой юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ