• М.Энхсайханы илтгэлээс анхаарч үзүүштэй онцлох санаанууд

    2019-07-03

    Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Баабар, Р.Амаржаргал, Да.Ганболд, С.Оюун нарын улстөрчид  “Боловсрол төвтэй улстөр”  ТББ байгуулж, уг ТББ-ын нээлт болгож өнөөдөр Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад буруу бодлого сонгодог вэ” илтгэл тавьжээ.

    М.Энхсайхан бол Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Монголын ардчилсан төр, засгийг бүрэлдүүлэн байгуулах, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэхэд өөрийн бодит хувь нэмрийг оруулсан нэгэн билээ. Түүний өнөөдөр тавьсан илтгэлээс онцлон уншмаар гол агуулгыг хүргэж байна.

    Тэрбээр сонгогчид сонгосон УИХ-ын гишүүнээ юу хийж байгааг мэдэж байх ёстой гэжээ.

    Тэрээр монголчууд хэтэрхий олон овог,аймагт (жижиг эрх ашгуудад) задран хуваагдаж байгаа нь  сонгогчид том улс төрийг сонирхохоо болих аюул руу түлхэж,   нийгэмд тулгамдаж буй шийдлийг дэндүү хялбаршуулан харах хандлагатай болгодгийг онцлов.

    М.Энхсайхан:

    Энэ бүгд нийлбэр дүнгээрээ аугаа том төөрөгдөл рүү, харанхуй ангал руу Монголыг минь чирчихвий гэж санаа зовж байна.

    Боловсрол нимгэн хүмүүс хөрш орноос хоосон айж эмээдэг бөгөөд тэр нь бараг өвчний хэлбэрт шилжих нь бий. Хөршөө бид сонгохгүй. Хэн хэнтэйгээ хөрш байхыг Тэнгэр зохицуулдаг. Тэдэнтэй найрсаг харилцаж, нөлөөлөлд нь автахгүй байх болгоомжлол байх учиртай ч түүнийгээ өвчин эмгэг болтол хөгжүүлбэл буруу болно. Хоосон айдсыг эмчлэх арга бол боловсрол, мэдлэг байх учиртай билээ.

    Өнөөдөр Монголд популизм оройн дээд Очирваань болчихоод байна. Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун нимгэн хөрстэй хийрхэл. Тиймдээ ч популистууд фашизмаас зээлдэж цэргийн коммунизм байгуулах маягийн үйлдлүүд хийдэг. Энэ бүгд Монголд тус болохгүй, түр зуурын үзэгдэл. Популистууд худалч. Худал ярихдаа сэтгэл нь ч өвдөхгүй. Худал хэрэг зохиож, худал гэрчийн “шууд зааснаар” баривчилдэг жишиг тогтчихвол улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуургыг эхлүүлэх аюултай.

    Популизм өндөр өртөгтэй, тэр нь улс үндэстнийг талцуулж хагалж бутаргадаг. Оспаныг казак түмний аугаа баатар болгон өргөмжилж байгаа үйлдэл нь улс үндэстнээ хагалан бутаргах зорилготой. Тэнэг солиотой гэж популистуудыг зөвтгөх хэрэггүй. Монголыг бутаргах ноцтой ажил эхэлчихээд байна. Популист  удирдагчид энэ асуудалд үйлдэл, эс үйлдлээрээ улс нийгмээ хагалан бутаргах замыг нь засч байна. Популизм улс орны бие даасан байдлыг алдагдуулах хэмжээнд хүрэхээс сэргийлэх явдал чухал байна. Хууль хяналтынхан ч популистуудын гар хөл болж салхилдаггүй, хууль номыг хатуу баримталж, бие даасан байдлаа хадгалж чадвал Монголын ирээдүйд ихэд тус болохоор байна.

     

    Зах зээлийнийгэмдсонгогчид зах зээл, чөлөөт худалдааны талаар тун өнгөц ойлголттой байдгаас зах зээлийн “үл үзэгдэх” гарыг олж харж чаддаггүй. Тиймээс гурван төрлийн төөрөгдөлд орж байна.

    ○ Гутранги үзэлд автах төөрөгдөл

    Худал мэдээлэл ихээр гарах үед нийгэмд ирээдүйдээ үл итгэх уур амьсгал бүрэлддэг. Популизм газар авснаар хүмүүсийн өөдрөг үзэл бөхөх аюул бий болдог. Техник, технологи хөгжиж уламжлалт ажлын байрнууд хэрэггүй болж шинэ ажлын байрууд шинэ боловсрол, мэдлэг, мэргэшил шаарддаг тул олон түмэн эдийн засагт болж байгаа үзэгдлийг сөрөг талаас нь харах хандлагатай болдог. Энэ нь эдийн засгийн бодит байдлыг доогуур үнэлэх үзэгдэл үүсгэдэг. Ихэнх нь эдийн засгийг “муу” гэж үнэлдэг.

    Үүнийг бүхэлд нь ​“Гутранги үзэлд автагдах төөрөгдөл” гэж нэрийдэж болох юм.

    ○ Зах зээлд дургүйцэх төөрөгдөл

    Энэ төөрөгдөл нь хувийн хэвшлийн компаниудын эсрэг уулгалан дайрах хэлбэрээр илэрдэг.

    …Хувийн хэвшлийнхний нөр их хичээл зүтгэлийг энгийн ухамсараар ойлгон хүлээж авч чаддаггүй, хувийн хэвшлийн компаниуд нэг өдөр л том томоор ашиг хийж байгаа мэт гэнэн төсөөлөл, төөрөгдөлтэй байдаг. Тиймээс хувийн хэвшлийг буруушаах, бизнес эрхэлж л байгаа бол хулгайч гэж харах хэвшмэл буруу ойлголт нийгэмд бий болдог. Үүнийг популистууд хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл болгох гэж оролддог.

    …Гэтэл үнэн хэрэгтээ хувийн хэвшлийг гадуурхаж, боовол эдийн засаг хурдан доройтно. Хувийн хэвшлийнхний оюуны болон санхүүгийн эрсдэл гаргадаг чадавх оршин байхуй дор Монгол орон алхам алхмаар шинчлэгдэж байгаа гэдгийг ойлгох, ойлгуулах хэрэгтэй байна.

    ○ Гадаадынхныг эсэргүүцэх төөрөгдөл

    Дундаж иргэд гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дутуу үнэлдгээс “Гадаадынхныг эсэргүүцэх төөрөгдөл” бий болдог. Монголчуудын хувьд Хятадаас айх айдас хүүдэс нь энэ төөрөгдлийг улам хүч оруулж буй. Энэ төөрөгдөл гадаадын компаниудыг хавчих, хөөх өнгө аясаар илэрдэг.

    Нэгэн сэтгүүлч Оюу Толгой хүрэх замд замын нэг дэлгүүрт ороод “Ажил төрөл, бизнесийг нь сайн уу” гэж асууж. Нөгөөдөх нь нутгийнхаа баялгийг гадныханд алдаад их л хэцүү байгаа тухай ярьсан байдаг. Та ч сардаа нэг бараагаа татчихаж байгаа биз дээ гэсэн асуултад “Юу ярина вэ хоёр долоо хоногтоо нэг шаланзаар бараагаа татаж байна” гэж. Юунаас хаанаас тэр замын дэлгүүрийн барааг худалдан авах чадамж иргэдэд бий болсон тухай ойлголт алга.

     Нэг нэгээрээ сонгуулийн хайрцагт хийсэн санал нь нийлбэр дүнгээрээ нийтийн эрх ашгийн эсрэг болчихдог асуудлыг Үндсэн хуулиа хийж байхдаа, Сонгуулийн хуулийг хийж байхдаа, улс төрийн үйл ажиллагаа хийж байхдаа ер нь тал талдаа анхаарах хэрэгтэй болсон байна.

    Юу хийх ёстой вэ?

    1. Популизмыг буруушааж сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байна.
    2. Их дээд сургуульд политэкономийн үндэс заах сургалтын хөтөлбөртэй болмоор байна.
    3. Намууд үзэл баримтлалдаа анхаарч улс төрийг зах зээлтэй нь номолдог болох хэрэгтэй байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ