• Аарцаар чихэр хийх санаагаа Э.Анхгэрэл гэртээ хүүхдээ харж байхдаа олжээ

    2019-07-03

    ШАРКУУДААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВСАН ААРЦАН ЧИХЭР “БӨБҮНЭ” БРЭНД

    Аарцаар чихэр хийх санаагаа Э.Анхгэрэл гэртээ хүүхдээ харж байхдаа 2016 онд олсон гэдэг. Түүний бага хүү нь диатизтай байсан учир аарц амталж хүүдээ өгдөг байснаас үүдэлтэй олсон бизнесийн санаа юм. Ингээд  тухайн онд “Бөбүнэ” нэртэй компаниа байгуулан 2017 оны хоёрдугаар улирал хүртэл үйл ажиллагаагаа явуулсан байна. “Бөбүнэ” гэх нэр мөн л адил гэр бүлээс нь ургаж гарсан нэр. Тэрээр таван хүүтэй. Доороосоо хоёр дахь хүүг нь Билгүүн гэдэг.Түүний ах нь Билгүүн гэж хэлж чадахгүй “Бөбүнэ” гэж хэлдэг байснаас  үүдэлтэй гэнэ.

    Ингээд “Бөбүнэ” аарцан чихэр хийх патентаа Оюуны өмчийн газарт бүртгүүлэн, Улаанбаатар банкнаас патент барьцаалсан 50 сая төгрөгийн зээл авч, үйл жиллагаагаа эхлүүлж байжээ. Оюуны өмчийг эргэлтэд оруулах хөтөлбөр хэрэгжиж байсан  учир барьцаа хөрөнгө гэх мэт элдэв зүйлс шаардахгүйгээр амархан зээл авсан нь энэ. Багахан хугацаанд үйл  ажиллагаа явуулаад үзэхэд тун боломжийн хэрэглэгчид ч нааштайгаар хүлээж авчээ. Аливааг хиж бүтээхэд урам зориг хэрэгтэй. Яг л тийм нэг зориг, зорилгоор үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө  шинэчлэх, сайжруулах шаардлага хэрэгцээ тулгарчээ. Ингээд нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа түр зогсоосны  эцэст, өнгөрсөн оны гуравдугаар сард Шарк танк нэвтрүүлэгт оролцож, өөрийн бизнес цаашдын зорилгоо танилцуулснаар Эм Си Эс-ийн Энхтөвшин, Гацууртын Чинбат хоёр шаркаас 50 сая төгрөгийн санхүүжилтыг авч чадсан. Мэдээж, шаркууд түүний бизнест зах зээл байгаа цаашид хөгжих боломжтой гэж үзсэн учраас хөрөнгө оруулалт хийсэн.

    Шаркуудаас хөрөнгө оруулалт авч чадсан тухайн үед үнэхээр их баярлаж, баярласандаа уйлснаа ч мэдээгүй байсан хэмээн ярьсан юм. Ингэж нэг тоног төхөөрөмжөө шинэчлэж, үйл ажиллагаа нь жигдрээд нэг сарын хугацаа өнгөрч байна.

    “Бөбүнэ” брэндийн гол түүхий эд нь аарц. Малчдаас аарц авахаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй эсвэл  10 өөр айлаас авлаа гэхэд 10 өөр өнгө амт гардаг учраас одоо Үйлдвэр технологийн дэргэдэх “Хаан” брэндээс 1 килограмм аарцыг 13 мянган төгрөгөөр авч байгаа ажээ. “Бөбүнэ” аарцан чихэр 300 грамм нь 13000 төгрөг, бэлгийн багц нь 35000 төгрөг гэх мэт үнэтэйгээр хэрэглэгчдэд хүрч байна. Багагүй үнэтэй хүрч байгаа нь түүхий эдээ үнэтэй авч байгаатай холбоотой юм. Тиймээс цаашид нөхөрлөл, хоршоо болон нэгдсэн малчдаас түүхий эдээ бөөнд нь авахаар судалж байгаа гэлээ.

    БӨБҮНЭГ ИНГЭЖ ХИЙДЭГ

    Түүхий эдээ дулааны аргаар боловсруулдаг. Өндөр температурт аарцаа хатаана. Үүний дараа нунтаглах, амтлах, хэвлэх, савлах гэсэн шат дамжлагатайгаар үйлдвэрээс дэлгүүрийн лангуун дээр тавигддаг. Аарцны гашуун амтыг дарахын тулд зөгийн балаар амталдаг. Мөн байгалийн зэрлэг жимч нэрс, чацаргана, аньс гэх мэт гурван төрлийн сонголттой, элсэн чихэргүй Монгол брэнд юм.

    Эрэлт нэмэгдэж байгаа гэдгийг Анхзул хэлж байлаа. Одоогоор Америк болон Канад руу бүтээгдэхүүнээ гаргаад эхэлжээ. Эрэлтийн хэрэгцээнээс шалтгаалаад бүрэн автомат болох шаардлагатай, одоо хагас автомат тоног төхөөрөмжөөр үйл ажиллагааг явуулж байгаа гэлээ.

    Хамгийн эхлээд юм болгоныг өөрөө гардаж  хийдэг байсан бол одоо долоон ажлын байрыг бий болгожээ. Өнөөдрийн энэ бүхнийг эргээд бодоход зүүд шиг байдаг ч яах аргагүй би хийж, бүтээж байгаа хэмээн бахархан хэлсэн. Мэдээж хамгийн тулгамдаж байсан хөрөнгө оруулалтаа шийдэж, өөрийг нь дэмжсэн шаркуудад талархаж байгаагаа илэрхийлсэн.

    Бөбүнэг Натур худалдааны төвөөс үйлдвэрийн үнээр авах боломжтой.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ