Ерөнхий сайд асан С.Баяр хэлмэгдүүлэн зовоосноо бус хэлмэгдэн зовсноо бичжээ

2019-07-02

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” гэдэг дурсамжийн ном бичиж, Баабарын “Непко” хэвлэлийн газарт хэвлүүлээд нээлтийг нь энэ баасан гаригт хийх зар тараажээ.

С.Баяр энэхүү номондоо өнгөрсөн 2018 онд баривчлагдан 60 хоног урьдчилан хорих төвд хоригдсон үеийнхээ тухай өгүүлсэн аж. АТГ-аас С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ.

Уг номонд “… Одоо тэнэгтээд дуугүй суухгүй. Дуугарна, тэмцэнэ. Гэхдээ дуугарч байна, тэмцэж байна гээд эндээс том том үгтэй ил захидал бичээд уналтай биш. Эсвэл ярилцлага өгөөд хэвлэлийн бага хурал хийнэ гэлтэй биш. Тийм бололцоо ч алга. Ямар бололцоо байна гэвэл бодох бололцоо байна, бодсоноо тэмдэглэн үлдээх бололцоо байна…” гэхчилэн бичиж.

Тэгвэл түүнийг 60 хоног хэлмэгдэн зовсноо л бичиж, өөрөө хүмүүсийг хэлмэгдүүлэн зовоосноо эсэхүл олон залуусыг хэлмэгдүүлэхэд хүргэсэн үйл явдлынхаа тухай бичихгүй яасан юм хэмээх асуултыг олон хүн тавьж байна.

2008 оны 7 дугаар сарын 1-нд түүнийг Ерөнхий сайд байх үед хар өдөр тохиож, сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон залуус намын байрыг нь галдан эмх замбараагүй байдал үүсч 5 хүн алтан амиа алдаж, хэдэн зуун хүн хүнд хөнгөн гэмтэж бас хэдэн зуун залуус хоригдож байсан билээ.

Уг хэрэгт цагдаа нарт буудах тушаал өгсөн албан тушаалтнууд биш харин цагдаагийн хэдэн хурандаа инар яллагдаад өнгөрсөн билээ. Энэ хэргээс болж хохирогсод өдгөө ч С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарт гомдолтой явдаг билээ.

Мөн С.Баяр Ерөнхий сайд бах үед буюу 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг буруу, муу болсон гэж олон хүн үздэг. Харин С.Баяр гэрээг байгуулсандаа хамгийн их баяртай явдагаа илэрхийлдэг. Тэгвэл уг гэрээг байгуулахдаа эрх ашгийн зөрчил үүсгэсэн хэрэг явдал гарсан тухай АТГ-ынхан мэдэгддэг. Тухайлахад тухайн үеийн Сангийн сайд гол гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт Оюутолгойг эзэмшиж байсан “Айвенхоу Майнз”-ын хувьцааг хямд байхад нь авч гэрээ хийснийхээ дараа үнэ нь өсөхөөр зарсан болохыг баталж байгаа гэдэг. Тэгэхээр бусад сайд нар ч зүгээр байгаагүй хэмээх хардлага маш их.

Тиймээс л С.Баярыг өөрийгөө өрөвдүүлэхээр хэлмэгдсэн, зовсноо бичлээ, хэлмэгдүүлж, зовоосноо бичсэнгүй хэмээх хүмүүс олон байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ