• Долдугаар сарын 1-ний цус,нулимсанд нэгдсэн эрх ашгууд 11 жилийн дараа задарч,сарниж байгаа нь…

    Өчигдөр Ж.Батзаяа гэрээсээ бас л гараагүй байх.Телевиз,сайтаас  долдугаар сарын 1-нийг дурсаад өнгөрсөн мэдээ сэлт үзэж, хөлгүй бие,хөндүүрхэн сэтгэлдээ 11 жил тээж яваа харууслаа дахин дахин сэдрээн өнжсөн биз. Ж.Батзаяа бол 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самуунд  өртөж өрөөсөн хөлгүй болсон залуу. “Би түүнээс хойш долоон сарын 1-нд гэрээсээ гардаггүй,ямар ч ажил гарсан би гардаггүй.Энэ өдөр бол хар өдөр” хэмээн хоёр жилийн өмнө news сайтад ярьсныг нь үзээд түүний нэрийг мэддэг болсон билээ.  2008 онд 17 настай байсан, хоёр жилийн өмнө 26-тай, одоо харин 28-тай.

    Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр чинагш юм бүхэн одно гэдэг шүлгийн мөртүүд шиг 11 жилийн өмнөх аймшигт үзэгдлийн дүр зургууд Батзаяа шиг хохирогсодоос бусдад тийм ч сонин байхаа больжээ. Үймээн самууныг өдөөсөн,турхирсан,зохион байгуулсан улстөрчид тэр байтугай “ашгаа” хүртэж, зарим нь 11 жилийн хугацаанд 10 хувирч,популист элдэвлэлийнхээ ШИНЭ шуурганд ганхаж яваа. Гэхдээ ШИНЭ-үүд бол долдугаар сарын 1-ний самууны дараахь нөхцөл байдлыг өөрсөддөө ашигтайгаар эргүүлсэн, одоо нийтээрээ тэмцээд байгаа МАНАН-гийн дэргэд хөнөөл багатай аж.

    Долдугаар сарын 1-нд юу болсон,гол нь тэр явдлыг хэн хэрхэн өөрт ашигтайгаар эргүүлж,МАНАН-гийн суурийг тавьсныг сонирхвол Ж.Батзаяагийн адил долдугаар сарын 1-ний гашуун үнэн бүх хүнд маш их хамаатай санагдана.

    СТАНДАРТ БУСЫН ТҮҮХ ӨГҮҮЛЬЕ

    2008 оны сонгуулиар УИХ-д  МАХН (МАН)-аас 46, АН-аас 27, ИЗН-аас нэг, Ногоон намаас 1 (Д.Энхбат), бие даан нэр дэвшигч 1 сонгогдсон албан дүн хэдэн сарын дараа баталгаажсан.Учир нь ялагдсан АН-ынхан, Ногоон намынхан болон цөөн санал авсан ч саналаа луйвардуулсан гэж үзэн үймээнийг оройлон зохион байгуулсан Иргэний хөдөлгөөний намын Ж.Батзандан,О.Магнай нартай нийлэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж зүтгэсээр Ц.Элбэгдорж есдүгээр сард тангарагаа өргөж байв. Сонгуульд ялагдсан уу, ялагдсан.Үймээн дэгдээж, таван хүний аминд хүрч, олон хүн гэмтэж бэртэж, олон хүн торны цаана залуу насаа өнгөрөөж, олон цагдаа амь,биеэрээ хохирсон хэрэг явдлын буруутнууд бол зохион байгуулагч, өдөөгч тал бол  тэр үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж, ИХН-ынхан болох Ж.Батзандан,О.Магнай,БНН-ын Жаргалсайхан нар байв.Үймээнийг эхлүүлээд зугатах нь зугатаж, “молотов коктейль” гэгчийг МАХН-ын байрны цонхоор шидэж, галдан шатааж, цагдааг унагаад дэвсэлж байхад, цагдаа нар эргээд ардууд руу буун дуу гаргахад тэд хаа нэгтээ чихээ бөглөөд сууж байгаагүй нь ойлгомжтой.

    Харин үймээн самуунаас яаж ашиг унагах төлөвлөгөө зохиогоод сууж байсан мэт дараа нь бүгд санасандаа хүрчээ. 2008 оны есдүгээр сард АН-ынхан тангарагаа өргөхдөө Ц.Элбэгдорж өөрийн ирээдүйн найман жилийг Ерөнхийлөгчийн суудалд суулгах тохироо хийсэн байдаг.

    Найман оны намар Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүний тангарагаа өргөснийхөө дараа сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээх нэрээр намын даргын суудлаа Н.Алтанхуягт шилжүүлж, дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тохиролцоо хийжээ.

    Тохироогоо бат араанд нь хийхийн тулд МАХН-ын дарга С.Баяртай ч мөн тохиролцон стандарт бус Засгийн газрыг хамтран байгуулж, Н.Алтанхуягийг тэргүүн шадар сайдаар томилуулав.Тухайн үедээ олонхи болсон МАХН (МАН)-ынхнаас хүртэл ихээхэн шүүмжлэл дагуулан байгуулагдсан С.Баярын “стандарт бус” Засгийн газар хоёр Шадар сайдтай байсан  бөгөөд Тэргүүн бус Шадар сайд нь М.Энхболд юм.

    Сүүлийн үед улстөр судлаачид Монголын улстөрийг онолын үүднээс тайлбарлах аргагүй гажиг үүссэн гэлцдэг.Тэр гажиг стандарт бус Засгийн газраас эх үүсвэр нь тавигдсан гэвэл тийм ч хазайсан дүгнэлт болохгүй.

    Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ, ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАГДАВ

    2008 оны сонгуулиар АН, МАХН хоёулаа байгалийн баялгаас мөнгөн хэлбэрээр ард иргэддээ мөнгө тараана гэж амлав.Уг нь хувь, хишиг өгөхөөр мөрийн хөтөлбөртөө оруулаад, яг бэлнээр мөнгө тараахгүй байхаар тохирсон гэх ч АН-ын Ц.Элбэгдорж эхлээд нэг сая, МАХН-ын С.Баяр дараа нь нэг сая 500 мянган төгрөгийг хүн бүрт өгнө гэж амлав. Мэдээж хүмүүс 500 мянган төгрөг илүү авахаар санал өгсөн. Аль 2005 оноос эрчимтэй яригдсан Оюутолгой, Тавантолгойн төслүүд хөдлөх нь тун ойлгомжтой, хэн эрх мэдэлд очсон нь баялгийн эзэн болох учраас ямар ч хамаагүй үнээр ялах эрмэлзэл нь ямар их гай болсныг өнөөдөр ч тэд ойлгоогүй л яваа байх.

    2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж АН-аас, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшээд мэдээж тохирооны дагуу Ц.Элбэгдорж ялав. Уг сонгуулийн үр дүн Н.Энхбаярыг МАХН-аас гарч, МАХН байгуулах, “авлигын загалмайлсан эцэг” нэрээр ял эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.Сү.Батболдыг МАХН-ын дарга,С.Хүрэлсүхийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад МАХН МАН болсон нь 2010 он билээ. Ингэж МАХН МАН болж, салж сарниж явах зуур тээр дээгүүр Оюутолгойн гэрээ байгуулагдаж, жинхэнэ МАНАН ажлаа хийж, хэргээ бүтээжээ.

    11 жилийн өмнөх долдугаар сарын 1-ний үймээний хөлд үүсэн бойжсон МАНАН гэгч бодитой, мафижан сүлжээ үүсч, нам дамнан суудал зассаны уршгийг арваад жилийн турш ард түмэн амьдралаараа үүрч,ашгүй МАНАН-гийн эсрэг тэмцэгчид гарч ирсэн нь өнгөрсөн хүйтэн өвлийн халуун явдлууд билээ.

    Гэвч МАНАН-гийн эд эс хаа сайгүй учраас У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөө хэр Оюутолгойн гэрээний дүгнэлтийг хэлэлцэх ажлаа УИХ-аар оруулж чадахгүй байна. Тэдгээр эд эс УИХ-д, бүр Засгийн газарт ч шургалсан байгаа нь Click To Tweet“МАНАН-гийн эсрэг тэмцсэн тэмцлийн үр дүн хаана байна” гэх асуултыг асуулгаж байгаа нь ойлгомжтой. Төдийгөөс өдий хүрсэн сүлжээг, тогтолцоог нураахаар зориг шулуудсанд, хүмүүст асар олон мэдээллийг ил болгосонд,мафи, олигархи бүлэглэлийг ганхуулсанд, хуулийн өмнө аваачсанд У.Хүрэлсүхэд талархаад баршгүй. Click To TweetҮүгээрээ тэр асар их гавьяатай. Харамсалтай нь бат бөх хэрэн сүлжсэн сүлжээ үнэхээр л хаа сайгүй хэрэн, тор дэгээгээ бат бөх суулгачихаад сууж байдаг ажээ.

    Оюутолгойн гэрээгээр өнөөдөр хоёр Ерөнхий сайд,нэг Сангийн сайд, ҮТЕГ-ын дарга, “Эрдэнэс Монголын захирал аснууд шалгагдаж байгаа.Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээг байгуулах үед “Айванхоу Майнз”-ийн хувьцааг олноор нь худалдаж авчихаад, гэрээ байгуулагдсаны дараа буцаагаад зарсан хэрэг илэрснийг АТГ-аас  өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ. Энэ бол нэг л жишээ. Ц.Элбэгдоржийн эхнэрийн санд сүүлд “Рио Тинто”-гоос хоёр сая ам.доллар өгсөн гэхчилэн асуудлууд зөндөө.

    11 ДЭХ ДОЛДУГААР САРЫН 1 ӨНГӨРӨХӨД

    11 дэх долдугаар сарын 1 өчигдөр тохиоход зүгээр л сэтгэлийн хөөрөл, зүрхний хийрхлээрээ үймээнд оролцсон хүмүүсийн олонхийн амьдрал сайжраагүй. Аз тохиож, улстөрд орж, сугалаа хожоогүй л бол шүү дээ.Нийтлэлийн эхэнд өгүүлсэн Ж.Батзаяа шиг амьдрал нь сүйрсэн залуус чимээгүй зовлонгоо эдлээд сууж байгаа. Тэдний хувьд долдугаар сарын 1 бол хар өдөр. Тэдэнтэй адил мянга мянган монголчуудын амьдрал өгсөх замдаа орсонгүй учир нийтийн хувьд ч бас л хар өдөр болжээ. МАНАН гэгч улстөр, бизнес, нам дамжсан бүлэглэл бүх боломжийг хулгайлж,орой дээр гарсан сүүлийн боломжоо ашиглан Ц.Элбэгдорж нар “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайн замаар авсан нь өнөөх МАНАН-гийн эсрэг тэмцлийн гол бай болоод байна.

    ХХБ зэрэг 49 хувийн эзэд “хувийн өмч рүү дайрлаа, хувийн өмчийг булаах нь” гэх дуу хоолой,Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг үргээх нь гэх ая хөгтэй нийлж, ард олны тархийг угаахаар шаргуу оролдож байгааг бид харж байна.

    Гол нь 49 хувь хувийн өмч биш,Рио-гийнхон харилцан ашигтай хөрөнгө оруулагч биш гэдэгт асуудал байна. Яг улстөрийн ертөнц шигээ бизнес,хувийн өмч, хөрөнгө оруулагч гэх ойлголтууд нь гажаад явчихжээ.

    11 дэх долдугаар сарын 1 өнгөрөхөд Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу,ядуучуудын 51 хувь нь зээлтэй байна.  Зээл гэснээс 2008 оны сонгуулиар амласан “Эх орны хишиг”-ийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан сар бүр 21 мянга, заримд нь 70 мянган төгрөг ч билүү тараагаад ам хаасан шиг санагдана.

    Баялгийг бэлэн мөнгөөр хуваарилах амлалтад хэзээ ч итгэж болохгүйг, тэр амлалт саналыг чинь худалдаж авах хахууль гэдгийг долдугаар сарын 1 арвантаа улираад байхад монголчууд харин ойлгососон уу, үгүй юу?

    Ямар ч байсан 11 жилийн өмнөх долдугаар сарын 1-ний хэрэг явдлын нулимс, зовлон дээр нэгдсэн мафи,олигархийн эрх ашгууд 11 жилийн дараахь долдугаар сарын 1 гэхэд задарч,бутарч байгаа нь монголчуудын хувьд том амжилт юм. Click To Tweet Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар ийм барьцалдсан сүлжээний суурин  бүхнийг хийх боломжгүй. Суурь нь задраагүй байхад шинэ үр тарих маш хэцүү.Гэхдээ ирээдүйд ирэх бүх сайн сайхны эхлэлийг тавьж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэднийг цаашид ч бид дэмжих ёстойг цаг үе шаардаж байгаа нь үнэн юм.

    11 дэх долдугаар сарын 1 өнгөрөхөд…?!

    #Бүдээхүү

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ