• 100  айлын гадна худалдаа эрхэлдэг ААН-үүдийг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэнэ

    2019-07-02

    Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажил хийх болсон тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлсэн.  Уг замыг 100 айлын 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хаах юм.

    • 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км замыг энэ сарын 10 хүртэл,
    •  Хангай хотхоноос УБЕГ хуртэл 0.6 км замыг долоодугаар сарын 15-28 хүртэл,
    •  УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэл 0.7 км авто замыг энэ сарын 28-наас ирэх сарын 15 хүртэл тус тус хааж, зам засварын ажил хийхээр төлөвлөжээ.
    • Иймд тус чиглэлийн авто замаар зорчихдоо ажлаа төлөвлөхийг холбогдох газраас анхааруулж байна.

    100 айлын автозамын ажлын төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг юм. Ганцхан зам бус бусад бүтээн байгуулалтын ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн усархаг бороо ороход зам дээр ус тогтож, зам эвдэрдэг.

    Шинээр тавих замуудад  ийм асуудал гарахгүй гэдэг баталгааг албаныхан өгч байна. Ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн дөрвөн байршилд авто зогсоол байгуулах зэрэг ажлыг цогцоор шийдэх ажээ.

    Тодруулбал, авто зам нь долоон см зузаантайгаар тавигдана.  Зорчих хэсгийн өргөн 12 метр, ногоон байгууламж хоёр талдаа нэг метр, явган хүний зам хоёр талдаа 2.25 метр, хөвөө хоёр талдаа 0.5 метр, дугуйн зам нэг талдаа 1.5 метр байхаар төлөвлөж  байгаа аж.

    Авто замын засвартай холбоотойгоор зөвхөн гадна талбайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагыг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэж байгаа. Үүнээс бусдаар дотор худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг нүүлгэхгүй юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ