Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн нэг эд эс болж, ажиллаж хөдөлмөрлөхийг хүсэж байна

2019-07-01
Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй Эрдэнэзул охин гурван жилийн өмнө анх удаа нийтийн тээврийн унаанд сууж үзжээ.

Тэр үед яг л цэцэрлэгийн жаахан хүүхэд шиг хачин их баярлаж, өөрийгөө бусдын адил хөдөлмөрлөж, бусад хүмүүсийн нэг өдрийн амьдрал яаж өрнөдгийг мэдэрсэн, өөрийгөө тэдэн шиг амьдрах боломжтой гэдгийг ойлгосон  хэмээн өнөөдөр Шангрилад зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын сайн жишээ”-ний талаарх олон улсын семинарын үеэр хуваалцсан юм. Үүнээс өмнө тэр таван жил гэрээс гаралгүй гэртээ өдрийг өнгөрүүлдэг байжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрах гэдэг манай улсад шинэ ойлголт. Гэхдээ сүүлийн 10 орчим жил ярьсан ч 2016 онд хуульчлагдсан. Энэ нь хувийн туслах, зөвлөх гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэгтгэж нэрлэсэн ойлголт юм. Монголын Бие даан амьдрах төвүүдийн үндэсний холбоо ч гэж манай  улсад бий.

Эрдэнэзул охин тус холбооноос зохион байгуулсан судлаач 30 залуу хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө нээж, бусдын адил ажиллаж хөдөлмөрлөх ёстой юм байна гэдгээ ойлгож авчээ. Тус холбооноос  хэрэгжүүлсэн уг хөтөлбөрт  янз бүрийн бэрхшээлтэй залуус сар бүр уулзаж  өөрт тулгамдаж буй асуудлаа  судалж ярилцан бодлогын бичиг баримтад нөлөөлөх зорилго бүхий судалгааны хөтөлбөр юм.

Эрдэнэзул хоёр жилийн өмнө хувийн туслах үйлчилгээ авч хамгийн анх удаа нийтийн тээврээр зорчиж өөрийгөө бусдын  адил нэгэн гэдгээ ойлгож авсан нь тэр.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын халамжид байх ёстой гэдэг  хуучны ойлголт одоо ч манайд бий. Гэхдээ дэлхий нийтийн хандлага аль 1970,1980-аад оны үеэс өөрчлөгдсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрамжийн газарт  эсвэл гэртээ л байх ёстой гэсэн хандлагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө “өнхөрдөг жагсаал” хийж өөрчилж чадсан.

Судлаач 30 залуу хөтөлбөрт хамрагдсан төрөлхийн сонсголын бэрхшээлтэй  Ганцэцэг  өмнө нь ямар ч мэдээлэлгүй, мэдээллээр цангаж байснаа энэ үеэр хуваалцсан. Харин одоо тэр өөр шигээ сонсголын бэрхшээлтэй иргэдийг төлөөлж, дуу хоолой нь болж байгаадаа баяртай байна гэсэн.

Тэрээр “Сонсголын бэрхшээлтэй бидэнд тулгамддаг хамгийн том бэрхшээл нь дохионы хэл юм. Жирийн хүүхдүүд төрөлх хэл монгол хэлээр ярьж сурдаг бол бид нар биеийн төрөлх хэл дохионы хэлээр ярьдаг. Дохионы хэлний албан судалгааг төрөөс  хийх хэрэгтэй байна. Энэ судалгааныхаа дагуу дохионы хэлний боловсон хүчинг бэлтгэх нь чухал байна. Бид эхээс төрөхдөө сонсголгүй төрье гэж төрөөгүй шүү дээ” хэмээсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого  сэргээн засах үйлчилгээ буюу эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэт анхаарч, үүнд их хэмжээний төсөв, мөнгө зарцуулдаг байсан. Гэтэл бодит амьдрал дээр тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй би хөл дээрээ босохгүй шүү дээ хэмээн Монголын бие даан амьдрах төвүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Ундрахбаяр хэлсэн.

Түүний энэ үг  хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс иргэдээс өөр зүйлийг хүсч байгааг нь илтгэж байна. Тэр нь зөв хандлага, хүртээмжтэй орчин. Тэдэнд хамгийн их тулгамддаг зүйл нь  албан байгууллага, орон сууцны шат, босго. Энэ хүртээмжгүй орчинг хүн бий болгодог.

Тэдэнд зориулсан шат замгүй баригдсан байшингуудын өмнө очход тэдний бэрхшээл биш харин хүн хоорондын ялгаатай байдал харагддаг гэсэн.

Хамт олонд түшиглэн хамруулах гэж үүнийг л хэлээд байгаа юм. Сэргээн засахдаа гол нь биш   шат босго, хүмүүсийн  хандлага гэх мэт  бидэнд энгийн санагдах  тэдэнд уул овоо мэт өндөр санагдах бэрхшээл нь арилчихбал нийгмийн үйл ажиллагаанд олон хөгжлийн бэрхшээлтэй залуус оролцох боломжтой болох юм.

Италийн DPI буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын холбооны гишүүн Жиампьеро Грифф “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоог нь хангах хамгийн чухал. Нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг улам хөгжлийн бэрхшээлтэй болгож байна” хэмээн онцлон хэлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг угтаж Италийн АИФО олон улсын байгууллага, Тэгш нийгэм холбоо ТББ, Монголын бие даан амьдрах төвүүдийн үндэсний холбооноос өнөөдөр энэ хүү олон улсын семинарыг зохион байгуулж байна. Семинарт Ази Номхон далайн 43 орны 100 гаруй төлөөлөгч оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын сайн жишээний талаар ярилцаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ