• УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгах санал хамгийн олон иржээ 

    2019-06-29

    -Ажлын 5 дэд хэсэг хуралдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалтын томъёоллыг нарийвчлах асуудлыг хэлэлцлээ-

    Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр (2019.06.29) Төрийн ордонд хуралдлаа.

    Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдаж, УИХ-ын гишүүдтэй хийсэн уулзалт болон иргэдээс ирүүлсэн хамгийн олон давтамжтай 4 саналыг төсөлд тусгах асуудлыг… Click To Tweet

     Тухайлбал,  УИХ-ын гишүүд  болон иргэд, олон нийтийн зүгээс Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж,  эгүүлэн татах  асуудлыг нэмж тусгах, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг төрийн бус нийтийн эрх ашигт нийцүүлэх шаардлагатай гэсэн саналыг олонтаа ирүүлсэн байна.

        Иймд төслийн  Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах, өгүүлбэр нэмэх зарчмын зөрүүтэй саналыг Дэд ажлын хэсгийн гишүүд  олон талаас нь  ярилцаж, нэг бүрчлэн хэлэлцсэн юм.

    Дэд  ажлын хэсгийн гишүүдийн зүгээс төслийн 25.1.4-д Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэх, эсхүл зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэдэг хэсгийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсвийн хяналтыг хэрэгжүүлэх болон байгалийн баялгийг тэгш, шударга хуваарилах асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, төслийн саналыг өөрчлөх талаар хэлэлцэв.

    Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав иргэдээс ирүүлсэн саналын талаар танилцуулав.

    2019 оны 06 дугаар сарын 28-ны байдлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс нийт 754 санал ирүүлсэн бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудыг 55-61 хувь нь дэмжсэн байна Click To Tweet. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой цоо шинэ санал иргэдээс гараагүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцолсон.

    Энэ өдрийн хуралдаанаар ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын талаар хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар саналын томьёоллын хэл найруулгыг сайтар хянах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлээд, хуулийн хэрэгжилт гэсэн үг хэллэг Үндсэн хуулийн нэр томьёонд байхгүй учир хуулийн биелэлтийг хангах хэмээн тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.

    Ажлын дэд хэсгээс зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллыг боловсруулсан бөгөөд төрийн жинхэнэ албатай холбоотой заалт, Ерөнхий сайдыг огцруулах, томилохтой холбоотой хэсгийн талаар, түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, түүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн саналын талаар хэлэлцлээ.

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайханы ахалж буй Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн тав дахь буюу өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд, хуульч, судлаачдын санал болон байгууллагын саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд иргэд олон нийтэд төслийг танилцуулж, төсөлтэй холбоотой саналыг авсан. Мөн иргэд утсаар, цахимаар, шуудангаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналуудыг ирүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар эдгээрийг нэгтгэн, 4 багцын дагуу ангилж  холбогдох Ажлын дэд хэсэг бүрт хүрүүлж байгаа. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор ирүүлсэн иргэдийн саналыг хуралдааны үеэр хэлэлцсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн

    Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн болон хуульчид, судлаачдаас ирүүлсэн саналуудыг Ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан, Улсын Дээд шүүхээс ирүүлсэн 5 саналыг Ажлын хэсгийн гишүүн М.Үнэнбат танилцуулав.

    Өмнөх хуралдаануудаар хэлэлцсэн гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн найруулж, төсөлд тусгах томъёоллыг эцэслэн, санал хураалт явуулахад өнөөдрийн хуралдаанд оролцсон Ажлын дэд хэсгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Тодруулбал, шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болохтой холбоотой төслийн заалтуудыг хэлэлцсэн. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүний томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг дээшлүүлэх, хараат бус хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой төсөл дэх заалтуудтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүд, мэргэжлийн байгууллага, Улсын Дээд шүүхээс ирүүлсэн санал, тайлбар, үндэслэлийн талаар нэг бүрчлэн хэлэлцлээ. Ингэхдээ өнөөдрийн хуралдаанд оролцсон Ажлын дэд хэсгийн гишүүн бүрийн дээрх хүрээнд төслийн зүйл, заалттай холбоотой найруулгын болон зарчмын саналын талаарх тайлбар, үндэслэлийг сонсож, олон улсын сайн жишээ, бусад орны туршлагын талаар ярилцан дэлгэрэнгүй хэлэлцсэн юм.

    Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэнгийн ахалж буй Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг өнөөдөр дөрөв хуралдаанаа хийв. Click To Tweet

    2019 оны 06 дугаар сарын 28-ны байдлаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт-ийг иргэд дунджаар 59 хувийн саналаар дэмжсэн байна.

    Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 59.2-т “Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно” гэдгийг иргэдээс өгсөн саналын дагуу 59 хувиар дэмжигдсэн… Click To Tweet

    Ингээд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн гишүүд Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох, мөн Бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах журмыг тодорхойлох гэсэн зүйлүүдэд оруулсан саналын томьёоллуудыг нэгтгэв.

    Дээрх 4 Ажлын дэд хэсэг тус бүр саналуудаа нэгтэн, Томъёоллын Ажлын дэд хэсэгт хүргүүлсэн. Томъёоллын Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажиллаж байгаа юм.

    Тус Ажлын дэд хэсгийн гишүүд дээрх дөрвөн дэд Ажлын хэсгийн хуралдаан бүрд оролцож, томъёоллын асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байв.

    Ажлын дэд хэсгүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрийг Томъёоллын Ажлын дэд хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томъёо, үг үсэг, найруулгад нийцүүлэхээр хянаж, жигдлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

    Томъёоллын Ажлын дэд хэсэг дүгнэлтээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах Ажлын дэд хэсэгт хүргүүлнэ.

    УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ