• Ерөнхийлөгч “Салхит”-ын мөнгөний ордтой холбоотой гэх шүүгчдийг “Нэхүүл”-ээр нэхүүлээд чөлөөлөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. 17 шүүгчийн нэрийг ЭНД. 

    Энэ дунд энэ оны хоёрдугаар сард үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн  зургаан шүүгчийн гурав нь буюу  Улсын  Дээд шүүхийн шүүгч   Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нар байгаа юм. С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын хэргээр саатуулагдан шалгагдаж байгаад ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид амиа хорлож нас барсан гэх хуульч,өмгөөлөгч талийгаач Л.Бямбаагийн хүү юм. Түүнтэй хамт   Улсын дээд шүүхийн шүүгч  Ц.Амарсайхан,  Д.Цолмон,  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энхжаргал нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгт орооцолдсон гэх мэдээлэл цацагдсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эдгээр шүүгчид ч мөн чөлөөлөгджээ.

    Хэрэг явдлыг эргэн сануулбал, өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдсөн нэр бүхий шүүгчдийн орооцолдсон хэрэг нь  Салхитын мөнгөний ордтой холбоотой их хэмжээний авлигын хэрэг юм.  Урьдчилан хорих төвд амиа алдсан шүүгч, өмгөөлөгч Л.Бямбааг   уг  гэмт хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэн шалгаж байсан тухай түүнийг амиа алдсаны дараа АТГ-аас мэдээлж байв.  Талийгаач нас барахдаа “Уг хэрэг явдалд хүүгээ ямар ч хамаагүй” гэх гэрээслэл бичиж үлдээсэн байсан хэмээн мэдээлсэн. Харин хүү С.Төмөрбат нь  ээжийнх нь үхэл сэжиг бүхий байгааг хэлж, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хэлж байлаа. Харин өдгөө тэр өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөв.

    Түүнчлэн АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “Тавантолгой”-н гэрээг хийхийг завдсан гэх үндэслэлээр баривчилсан ч шүүхийн шийдвэрээр сулласан хэрэг явдлын дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийг чөлөөлсөн нь “Үгэнд ордоггүй шударга шүүгчдийг халлаа” гэх шүүмжлэлийг эсэргүүцэгчдийнхээ зүгээс дагуулж байна. Үнэхээр үгэнд ороогүй учраас чөлөөлсөн үү, эсвэл Салхитын мөнгөний ордын хэрэг явдлыг шударгаар шийдэх нөхцөл байдал үүсээд халав уу гэх асуулт гарч байна.

    Өнөөгийн тогтолцоо,Ерөнхийлөгчид бүхнийг шийдэх эрх мэдэл ирсэн учир Төрийн тэргүүн хүссэнээрээ зарлигаа уншиж байна. Өөрийнх нь хэлдгээр болон түүнийг сонгосон дэмжигчдийнх нь үзэж буйгаар одоо шударга шүүх бүрдэж байна. Шүүх үнэхээр шударга ажиллах нь уу гэдэг хамгийн наад зах нь одоо энд бичиж буй Салхитын мөнгөний ордын хэрэг явдал хэрхэн шийдэгдэхээс харагдана.

    Нөгөө талаар Ерөнхийлөгчийг өчигдөр зарлигаа гаргахын өмнөх өдөр Нам бусчуудын эвсэл гэх “Нэхүүл” хөдөлгөөнөөс Улсын дээд шүүхийн үүдэн дээр “Хонгилын шүүгчид огцор” гэж жагссан бөгөөд “Эхлээд жагсаал, дараа нь чөлөөл” гэх танил сценар уншигдаад байгааг ч ажиглагчид хэлж байна. Хэрвээ нэр бүхий шүүгчид үнэхээр болохгүй байгаа бол, “хонгил”-ынх мөн юм бол  заавал “Нэхүүл”-ээр нэхүүлэхгүй шийдвэрээ гаргах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал билээ,уг нь.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ