• Б.Саруул:В вирус нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдар үүсгэдэг учраас зайлшгүй вакцин хийлгэх хэрэгтэй

    -Дэлхий дээр нийтдээ элэгний өвчин үүсгэдэг есөн төрлийн вирус байдгаас Монгол Улсад А,В,С,Д,Е гэсэн таван төрлийн вирус нь оношлогддог-

    Элэгний өвчлөл үүсдэг шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлж болох, мөн элгээ яагаад заавал хамгаалах ёстой талаар ХӨСҮТ-ийн эмч, доктор Б.Саруултай ярилцлаа.

    -Элэгний өвчин үүсгэдэг хэдэн төрлийн вирус байдаг вэ. Хоорондоо ямар ялгаатай вэ?

    Дэлхий дээр нийтдээ элэгний өвчин үүсгэдэг есөн төрлийн вирус байдгаас Монгол Улсад А,В,С,Д,Е гэсэн таван төрлийн вирус нь оношлогддог. Хүүхдүүдийн цэцэрлэг, яслид байхдаа тусдаг шар өвчин бол А вирусын элэгний үрэвсэл юм. Энэ төрлийн элэгний үрэвслээр өвчлөгч хүүхдийн тоо 2012 онд А вирусын эсрэг вакцин хийгдэж эхэлснээс хойш 23 дахин буурсан үзүүлэлттэй байгаа.  Өөрөөр хэлбэл, жилд өвдөж буй хүүхдүүдийн тоо 30 орчим байгаа юм. Хэрвээ хүүхэд А вирусын халдвараар өвдсөн тохиолдолд өвчин архагшдаггүй бөгөөд харьцангуй эдгэрэлт сайтай байдаг.

    Е вирусын халдвар бол бохир ус, хоол хүнс, гараар дамжин элэгний өвчлөл үүсгэдэг. Энэ вирусын аюултай нэг шинж чанар нь бохирлогдсон усаар тархдаг учир хүн амыг олноор өвдүүлэх эрсдэлтэй. Жирэмсэн болон настай хүмүүс хүнд өвдөх магадлалтай бөгөөд манай улсад 2015-2016 оны хооронд 14 тохиолдол бүртгэгдэж байсан. Мөн адил харьцангуй эдгэрэлт сайтай байдаг элэгний өвчлөлийн төрөл гэж ойлгож болно.

    В,С,Д вирусын халдвар нь арьс салст гэмтсэн бүхий л замаар халдварлагдах боломжтой. Жишээлбэл, шивээс хийлгэх, сахлын татуурга хамтдаа хэрэглэх, бохир болон ариутгагдаагүй зүү тариур хэрэглэх, бэлгийн замаар гэх мэт халдварлах боломжтой. Эрүүл хүмүүст эдгээр замаар В вирусын халдвар дамжвал хоёр хэлбэрээр өвчилдөг. Нэгдүгээрт,цочмог гепатит-цочмог элэгний үрэвсэл буюу шарлалт, шээс өтгөрч, өтгөн цагаарах, дотор муухайрах, хоолонд дургүйцэх гэх мэт шинж тэмдэг бүхий явагддаг хэлбэрээр илэрч болно.

    Хоёрдугаарт,цочмог хэлбэрээр өвдөхгүй, дээрх эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг болон бараг илрэхгүй, зургаан сараас дээш хугацаанд цусанд В вирус илэрвэл элэгний архаг үрэвсэл үүсгэж болно. Архаг үрэвсэл үргэлжилбэл 20-25 жилийн дараа элэгний хатуурал болон хавдарт шилжих өндөр эрсдэлтэй.

    Бид яагаад В вирусээс урьдчилан сэргийлэх шаардлагатай вэ?

    Элэгний архаг үрэвсэл үүсгэж, цаашлаад элэгний хатуурал, хавдар үүсгэдэг нь В вирус. Тийм учраас В вирусын халдвараас зайлшгүй өөрийгөө болоод ойр дотны хүмүүсээ хамгаалж,вакцинжуулалтад хамрагдуулах хэрэгтэй . В вирусын вакцинаа л хийлгэчихвэл өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломж байна.

    -В вирусын эсрэг вакциныг манай улсын хэмжээнд хэдэн оноос хийж эхэлсэн бэ?

    -1990 оноос хойш В вирусын эсрэг вакцинжуулалт эхэлсэн.Вакцин хийсний үр дүнд манай улсын 0-5 насны хүүхдүүдийн дундах В вирусын халдвар 0.53 хувьд хүрч буурсан. ХӨСҮТ-ийн тоо мэдээгээр 118 -300 орчим тохиолдол сүүлийн 5 жил бүртгэгдэж байгаа. В вирусын халдваргүй нь шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд В вирусын эсрэг вакцин хийгдэх бөгөөд гурван удаагийн давтан тунгийн дараа вакцины дархлаа 10-15 жилийн хугацаанд тогтоно. Үүнд эхлээд В вирусгүй гэсэн шинжилгээний хариу нэг сарын дотор байх ба эхний нэг дэх тунгаас хойш 45 хоногийн дотор 2 дахь тунгаа, хоёрдахь тунгаас хойш зургаа дахь сардаа 3 дахь тунг хийдэг. Ингэснээр дархлаа бүрэн тогтоно.

    -Хүмүүсийн В вирусын эсрэг вакцинжуулалтад хамрагдах байдал хэр байна вэ. Өдөрт дунджаар хэдэн хүн В вирусын эсрэг вакцин хийлгэдэг вэ?

    -ХӨСҮТ-д одоогийн байдлаар өдөрт дунджаар 150-160 хүн В вирусын эсрэг вакцин хийлгэж байна. Өнгөрсөн оны хувьд 36564 хүнд В вирусын вакциныг хийсэн.

    -В вирусээр өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ хийгддэг вэ?

    -В вирусын халдвартай тохиолдолд эрүүл мэндийн сайдын А-288 буюу В,С,Д вирусын архаг халдвартай үе дэх оношилгоо, эмчилгээний зааврын дагуу эмнэл зүйч эмч нар эмчилгээ хийнэ.Уг зааврын дагуу хийхдээ, элэгний хатууралтай болон хатууралгүй эсэх нь чухал ач холбогдолтой. В вирусын эсрэг эм Монголд тенофовир, энтакавир нэршлээр орж ирсэн байгаа.

    -В вирусын эсрэг вакциныг хийлгэхэд хориглох заалт бий юу. Хүүхэд хийлгэж болох уу?

    үх насны хүмүүс хамрагдах боломжтой. Гэхдээ 1990 оноос хойш Монгол улсад вакцин нь нэвтэрсэн тул вакцин хийгдсэн насны хүүхэд, залуучуудад вакцины дараахь дархлаа тогтоцыг үзсэний дараа давтах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. В вирусгүй гэсэн шинжилгээний хариутай , нэг удаагийн 5000 төгрөгөө дархлаажуулалтын санд тушаасан ямар ч насны хүн өглөөний 8 цаг 30 минутаас өдрийн 15 цагийн хооронд ХӨСҮТ дээр ирээд вакцин хийлгүүлж болно . Харин вакцин хийлгэсний дараа даарч хөрөхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, хэт ядрахгүй байхыг зөвлөдөг.

    -ХӨСҮТ-өөс өөр хаана хийлгэж болох вэ? 

    -Улаанбаатр хотын хувьд ХӨСҮТ-ийн амбулаторийн тасаг дахь дархлаажуулалтын кабинетаас гадна Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийгдэж байгаа.

    Бид яагаад элгээ хамгаалах шаардлагатай вэ?

    -Элэг бол хүний биед онцгой чухал үүрэгтэй эрхтэн. Бидний амаар орж байгаа бүх зүйлсийг хоргүйжүүлж, шүүж, дээр нь цусны бүлэгнэлтийн системд болон аминдэм, витамины солилцоог нийлэгжүүлж хангаж байдаг. Мөн бодисын солилцоонд оролцох чухал үүрэгтэй тул бид элэггүйгээр амьд явах боломжгүй.

    Тийм учраас нэгдүгээрт, элэгний өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Мөн элэг гэмтээдэг эмийн хэрэглээ болон жирэмслэлт зохицуулах эм, шаардлагагүй тохиолдолд антибиотек эм уух, архины хэрэглээг хязгаарлах шаардлагатай байдаг. Хоносон хоол унд, баяр ёслолын үеэр хэрэглэдэг хорхог зэрэг тос ихтэй хоол ундыг архитай хамт хэрэглэсэн тохиолдолд элэгний архаг үрэвсэл сэдрэх боломжтой байдаг. Та бүхэнд эрүүл энхийг хүсье!

    Ярилцсан Г.Сүрэн

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ