• Д.Сумъяабазар:Баруун,Зүүн Цанхийн аль нэгийг охин компани болгож байж олон улсад IPO гаргана

    2019-06-26

    Өнөөдөр УУХҮЯ-наас “Ил тод, хариуцлагатай уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Уг хурлаар олны анхаарлын төвд байгаа Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд  IPO гаргах бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар,”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өгөв.

    УУХҮ-ийн сайдын хэлснээр, IPO гаргах бэлтгэл ажил сайн хангагдаж байгаа аж. Гэхдээ хугацаа авч байгаа тал бий гэнэ. Тухайлбал,   Казахстаны томоохон компани Лондонгийн хөрөнгийн биржид   IPO гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байжээ.  Мөн   охин компани байгуулах шаардлагатай байгаа аж. Одоогоор Тавантолгойн зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид  олборлолт явуулж байгаа.  Тиймээс бусад ордуудад хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай аж. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах  эрсдэлтэй гэнэ. Тийм учраас баруун, зүүн Цанхийн аль нэгийг нь  охин компани хэлбэрт оруулж байж  олон улсын хөрөнгийн биржид гаргахаар болжээ. Охин компани байгуулах асуудлыг 2018 оны ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар зөвшөөрүүлсэн бөгөөд одоо Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа аж.

    Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулахдаа зөвхөн зүүн Цанхийн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа танилцуулсан гэдгээ Д.Сумьяабазар хэлэв. Click To Tweet

    Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлснээр, Монгол Улсын хувьд төрийн өмчит компаниа анх удаа гаргах гэж байгаа учраас дотооддоо бичиг баримт, нөөцийн мэдээлэл, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежментийн чиглэлээр тогтоосон дүрэм, журам, акт гээд бүх асуудлаа цэгцлэх, орчуулуулах ажлууд байгаа гэв.  Энэ ажлын гүйцэтгэл  80 гаруй хувьтай явж байгаа аж.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ