З.Энхболд:Ц.Элбэгдорж АТГ-д ирж, над шиг мэдүүлгээ өгөөрэй

Өнөөдөр өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрдэнэтийн 49” хувийн асуудлаар АТГ-т очиж мэдүүлэг өгчээ. Тэрбээр мэдүүлгээ өгөөд гарахдаа фэйсбүүкээр лайв хийлээ. Түүний үгийг хүргэе.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “АТГ-тай ирж гэрчийн мэдүүлэг өглөө. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Эрдэнэтийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга намайг, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэдэг ийм мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авчихсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг бас хань татаж байгаа юм байна. Ийм юм бол байхгүй ээ. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд гарч явна.

УИХ-д хэлэлгүй авсан буруу хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг гурван жилийн өмнөх байр суурь одоо ч гэсэн хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Сайханбилэг болохоос Энхболд биш юмаа.

Энэ газраас бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүрч ир гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй над шиг. Өөрөө бол мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг өөрийн чинь УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үгнээс чинь ойлгомжтой байгаа. Тийм учраас эртхэн ирээд мэдүүлгээ өгчихсөн нь дээр юмаа энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр.

Ер нь бол Эрдэнэтийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв өө. Харин улс нь авах уу, хувийн компани нь авах уу гэдэг шийдвэрийг УИХ тухайн үедээ гаргах ёстой байсан. Одоогийн энэ УИХ улсдаа авья гэсэн шийдвэр гаргасныг манай иргэд ойлгосон байхаа. Тэгэхээр ямар ч мөнгөтэй компани бай юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу байх ёстой. Монгол улсын эдлэх ёстой давуу эрхийг тухайн үед нь Ч.Сайханбилэг дур мэдэн эдлүүлээгүй нь одоо буруудаад байгаа болохоос зарсан ОХУ буруу гэх арга алга.

Худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гээд байх юм алга. Тийм учраас энэ хэргийн учрыг хуулийнхан олох гээд ажиллаж байгаа юм байна. Ажилд нь саад бололгүй хурдан шуурхай шийдвэрлүүлье” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ