• Ж.БЭГЗСҮРЭН:НЭГ АВСТРАЛИ ГЭР БҮЛ АЯГАА ДОЛООДОГ БОЛНО ГЭЭД МОНГОЛООС МӨНГӨН АЯГАНУУД ХУДАЛДАЖ АВААД ЯВСАН

    UB HUMAN булангаараа бид их хотын болж,бүтэхгүй байгаа асуудлыг олж харан, асуудлын шалтгааныг нь олохыг эрмэлздэгээс гадна бусдад эерэг нөлөө үзүүлсэн, манлайлагч нэгнийг уншигчиддаа танилцуулахыг зорьдог билээ.

    Ж.Бэгзсүрэнгийн  хэлж байгаагаар бол 2024 онд 1000 дахь гадаадын айлчингаа хүлээж авна гэнэ.Тэрээр Монгол ахуй соёлыг гадаад хүмүүст өөрийн гэрийн амьдралаараа таниулах ажлыг хийж байгаа тэрээр гадаад хүмүүсийг гэртээ байлгасныхаа хариуд тэдэнтэй танилцах, шинийг суралцах, хог хаягдалгүй, эрүүл орчныг уламжлалт ахуй соёлтой холбох арга шийдлийг олохыг эрмэлздэг нэгэн.

    Монголынхоо ахуй соёлоор улам илүү бахархаж, түүнийгээ илүү сайжруулахын төлөө мэрийж байгаа тухайгаа  бидэнтэй хуваалцлаа.

    – Хоост айлыг хэзээнээс эхлүүлсэн бэ? Анх санаагаа хэрхэн олсон түүхээсээ танилцуулна уу?

    – 2008 оны долдугаар сарын наймны өдрөөс эхлэн гэртээ гадаад хүмүүсийг ирүүлдэг болсон. Надтай ирж уулзсан Америк залуу Андрью Жүдкинс аялагчдыг орон нутгийн иргэдтэй танилцуулдаг  couchsurfing вэбийг хэрэглэдэг тухайгаа ярихад нь ийм вэб байдгийг мэдэж аваад, хэрэглэж эхэлсэн. Өмнө нь ажлаар гадаадын хэд хэдэн улс руу явахдаа зочид буудалд буугаад, хөтөлбөрийн дагуу явдаг байсан учраас очсон улсынхаа талаар сайн мэдэж авч чаддаггүй байсан. Тэр Америк залуу маань Улаанбаатар хотод ирчихээд гэр хороолол, Монгол гэр дэх амьдрал ахуйг нь очиж үзэх юмсан гэж хүссэн байжээ. Тэрнээс хойш 11 жилийн турш гадаад хүмүүсийг гэртээ ирүүлж байна.

    Эхэндээ гадаад хүмүүстэй танилцъя, нөхөрлөе, монгол хүн л монгол ахуйг зөвөөр таниулж чадна гэсэн бодол хүсэлтэй байсан. Сүүлдээ Монгол ахуй соёл, бэлчээрийн мал аж ахуй, үндэсний хөгжим, тоглоом наадгай гэх мэт бид нарт байдаг бүх зүйл маань гадаад хүмүүсийн хувьд сонин сайхан зүйл, бараг л музейн үнэт ховор үзмэр юм байна гэдгийг ойлгосон. Монгол гэрт олон эд хэрэглэгдэхүүн ашиглахгүйгээр амьдардаг, энгийн амьдралын хэв маяг маань дэлхийн олон хүмүүст музей шиг юм байна. Гадаадын аялагчдын хувьд Монгол ахуй соёл бол тэр хүний хайдаг хог хаягдалгүй, бага хэрэглээтэй, цаашлаад байгаль орчинд ээлтэй амьдрал байгаа юм. Тийм учраас энэ ажлаа илүү мэргэжлийн болгоё, Хоост айл болох сонирхолтой хүмүүст гадаад хүнийг гэртээ ирүүлэхийн тулд юу мэдэх ёстой, ямар шаардлагуудыг хангах ёстой зэргийг зааж өгөх үүднээс Хоост айлын талаар цахим орчинд бичиж эхэлсэн.

    -Гадаадын хүмүүс таньтай хэрхэн холбогддог вэ?     

    -Цахим орчинд аялагч хүмүүсийг орон нутгийн иргэдтэй холбож өгөх вэб сайтууд олон байдгийг мэдсэн.  Миний хамгийн эхэнд 2008 оноос хэрэглэж эхэлсэн нь бол couchsurfing вэб. 2017 онд ТEDxУлаанбаатар арга хэмжээнд зочдын сэтгэгдлийн дэвтрээсээ 5,6 жишээ татан илтгэл танилцуулсан. Завсарлагаанаар хүмүүстэй танилцаж байх үедээ Airbnb веб сайтыг мэдэж авч, хэрэглэж эхэлсэн.  Миний хэрэглэдэг workaway, warmshower, travelingspoon гэсэн вебүүдээс гадна олон сайтууд байгаа.

    – Guesthouse болон ХоостАйлын ялгаа нь юу вэ, ХоостАйл байхын онцлог нь юу вэ?

    – Хоост айлыг Guesthouse шиг аялал жуулчлалын бизнес талаас нь харж болохгүй.

    Гадаадын аялагчдыг гэртээ ирүүлж байгаа айлын хувьд Монголд ирж байгаа аялагчдын тоо их эсвэл бага байхаас хамаардаггүй. Аялагч, жуулчдын тоо ихэслээ гээд бид нар жилийн турш байнга зочинтой байна гэсэн үг биш. Guesthouse-аас ялгаатай нь хүнээ бид өөрсдөө сонгон ирүүлдэг учраас өөрийн боломжтой үедээ тааруулан айлчнаа ирүүлдэг. Монгол руу ирэх гэж байгаа хүмүүс манайд ирэх хүсэлтээ захиагаар илэрхийлж бичсэний дараа бид веб сайтаас аялагчийн мэдээлэлтэй танилцаад, зөвшөөрсний эцэст тэдгээр хүмүүс манайд тодорхой хоногоор ирдэг.

    Цахим орчныг ашигладаг, англи хэлний анханшатны  мэдлэгтэй ямар ч хүн хэрэглэх боломжтой. Ихэнх веб сайтууд үнэ мөнгө байдаггүй, зочломтгой байдлаар бие биедээ харилцан туслах зарчмаар явдаг бол  Airbnb веб сайтаар  аялагчид хоногийн мөнгөө төлж ирдэг.

    Таны гэрт гаднаас хэдэн айлчин байхад таны гэр бүлд таатай байхыг бодолцож хүний тоо болон хэд хоног хамтдаа амьдрах зэргээ сонгож, өөрчилж болдог. Айлчинтайгаа аль болох их харилцаж байж, тухайн хүнээс ихийг мэдэж авах, өөрсдөө ихийг харуулж, ярьж танилцуулах, улмаар бүгдийн сэтгэл өндөр байхыг бодолцох хэрэгтэй.

    – Аялагчдыг хэрхэн хүлээж авч гэртээ байлгадаг вэ?

    Аялагч найзууд маань яг манай гэр бүлийн гишүүн шиг л манай гэрт байдаг. Бид тэдгээр хүмүүст зориулан тусдаа гэр барих шаардлагагүй. Хамгийн энгийнээр тайлбарлавал миний найз нөхөд хөдөө орон нутгаас хотод ирээд манайд тодорхой хугацаанд байхтай…

    Бид хүүхэд насандаа хичээл дуусаад зуны амралтаараа хөдөө гэртээ, эсвэл бүр аав ээжийнхээ хөдөө байдаг ах дүүсийнд очиж хонь хариулж, үнээ ивэлгэж, үхрийн баас дэлгэж, айраг бүлж гээд л бүх ажилд нь тусалж, хийж байгаад намар нь гэртээ шуудай цагаан идээ, хонь ямааны бүтэн махтай ирж, өвөл нь үхэр, адууны мах ирдэг шиг манайд ирдэг гадаад хүмүүс ч гэсэн бидний ажил амьдралд дэмтэй тустай байдаг.

    – Гадаадын аялагчдад Монгол орон, ахуй соёлын юу нь хамгийн их таалагддаг вэ?

    – Монголд ирж байгаа гадаад хүмүүст хамгийн их таалагддаг зүйл бол бидний жирийн амьдрал, инээмсэглэсэн дотно харилцаа хандлага байдаг.

    Ямар ч хашаагүй, хил хязгааргүй мэт газар нутаг, унаган байгаль, уул усыг гадаад хүн бүр биширч, энэ хэвээр нь авч үлдэхийг зөвлөж байдаг. Гэр дотор гал тогоо, зочны өрөө гээд бүгд нэг доор байдаг нь гадаадынхны хувьд их сонин байдаг. Мөн   хоол ундаа гэр бүлээрээ хамтдаа бэлдэж, иддэг нь тэдний хувьд таалагддаг байх жишээний. Хүүхдүүд нь гурилаа элдээд, аав ээж нь буузаа чимхээд, хамт хийлцэж иддэг нь онцгой санагддаг, сурч мэдэхийг хүсдэг.

    Бид уламжлалт зүйлс болох аягаа долоох, шагайгаар тоглох, хооллох, мөн малаас гарах бүх зүйлийг малчин өрх бүр ашиглаж амьдарч чаддаг зэрэг илүү хэрэглээгүй, тогтвортой аж амьдрал, хог хаягдалгүй, байгальд ээлтэй эрүүл амьдралын хэв маяг гэж…

    – Хоост айл болох хүсэлтэй айлд тавигдах гол шаардлага юу вэ?

    – Хоост айл болох гэж байгаа айл нь ирсэн гадаад хүнтэйгээ ойлголцож, монгол ахуй соёлоо нэн тэргүүнд тавьж, хэрэглэдэг айл байх ёстой. Монголыг зориод ирж байгаа гадаадын хүн бол байгалийг нь үзье, бэлчээрийн мал аж ахуйтай нь танилцъя, өдөр тутмын ахуй амьдрал нь ямар байдгийг үзье гэж ирдэг. Тэр болгоныг үзэхийн тулд хүмүүсээр дамжуулж харилцдаг. Хоост айл болохын тулд тэгэхээр хамгийн эхлээд найрсаг харилцаатай, багахан хэмжээний англи хэлний мэдлэгтэй, цаашлаад танайхыг зорьж ирж байгаа гадаад хүний соёлыг бага ч болов мэдэж, ойлгох хэрэгтэй байдаг.

    Монгол ахуй соёлоо хадгалан үлдэх, гадаад хүмүүст зөвөөр танилцуулах сонирхолтой, эсвэл амьдралдаа утга учиртай өөрчлөлт хиймээр байгаа бол Хоост айл болох боломжтой.

    – Хоост айл болсноор танай гэр бүлийн хувьд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

    Гэрт гаднын зочин байхад хамгийн наад зах нь хүмүүсийн харилцаа хүртэл эерэг өөрчлөгдөж, уур амьсгал таатай болж эхэлдэг.

    Намайг жаахан байхад аав маань Орос инженер 2 найзыгаа гэртээ дагуулж ирж, тэр хүмүүс бидэнд орос чихэр өгч байсан тэр дурсамж надад баяр хөөр, баясал болж уураг тархинд гүн бичигдсэн юм байна лээ. Тийм мэдрэмжийг би хүүхдүүддээ өгч чадсан.

    Бидний туршлагаас харахад гаднын аялагчид манайд ирсэн 10 жилийн хугацаанд бид ёс заншил, арьс өнгө өөр ч бид нэг дэлхийн хүндэт иргэд гэдгээ мэдэрч, аливаа юмыг болох талаас нь хардаг болж, олон үндэстний хоол хүнсний ижил зүйлсийг нэгтгэн ойлгож, орчин тойрондоо мод тарих, түүхий нүүрс түлж гэрээ халаадаг байсан бол өөр арга, шийдлээр орлуулах ёстой юм байна гэдгийг мэдэж, өөрчлөлт хийхэд бэлэн болсон. Гадаад хүнд Монгол ахуй, соёлоо тайлбарлаж өгөх явцдаа би өөрөө Монголоо илүү сайн таньж мэдэж авдаг бас нэг ач холбогдолтой.

    Би 2017 онд TEDxUlaanbaatar үйл явдалд өөрийн гэрт гарсан 6 өөрчлөлтөө дурдаж танилцуулсан бичлэгийг youtube-ээс үзэж болно шүү. Гэргий бид хоёр аялах дуртай болсноор 2016 оноос эхлэн 2 жил тутамд Монгол улсын иргэд визгүй зорчдог улс орнууд руу Шагайтай үүргэвч аяллыг хийдэг болсон.

     

    -Танайд зочилж монгол ахуй, соёлтой танилцсан, гэртээ очоод хэрэгжүүлсэн гадаад аялагчдын жишээнээс танилцуулаач?

    -Манай ам бүл дээр нэмэгдэж тавуулаа аялж байгаа Австрали гэр бүл ирж 10-уулаа нэг гэрт хэд хоног амьдарсан

    Бидний өдөр тутмын жирийн амьдрал, аягаа долоох хүртэл тэр хүмүүсийн хувьд шинэ содон зүйл.

    Аягаа долоох нь шүдний эрүүл мэнд, хоол боловсруулалт, зүрхээ дэмжих, зохистой хэрэглээ гэх мэт ач холбогдолтойгоос хамгийн супер ашиг тус нь ус хэмнэх явдал байдаг .Гадныхан аяга тавгаа угаахдаа dishwasher-т хийчихдэг. Тэгтэл өдөр ирэх тусам цэвэр усны нөөц багасаад байгаа шүү дээ. Тэр гэр бүл маань нутагтаа очоод хүн бүр өөрийн аягатай болно, аягаа долооно гээд Монголоос мөнгөн аяганууд худалдаж аваад явсан. Бидний хувьд гадаадынханд танилцуулах дуртай олон зүйлсийн нэг нь шагай.  Дөрвөн шагайгаар 10 гаруй тоглоом тоглож болохын зааж сонирхуулахын өмнө би шагайг тэдний өвөө эмээ, түүнээс өмнөх үеийнхэн өнөөгийн монголчууд бид  шиг хэрэглэж байсныг нь интернэт дэх мэдээллээр батлаад, хэлээд өгчихөөр улам их сонирхдог. Шагайн тос нь тоглож байх явцад хүний гар, биеийг тосолж байдаг учраас хүүхэд наснаас шагайгаар тоглосноор сайн тосны дутагдалд орохгүй байх ач холбогдолтой.

    -Монголыг, танайхыг зориод ирсэн гадаадын аялагчдад харуулахыг хүсдэггүй ямар зүйлс байна вэ?

    -Манайд ирж байгаа айлчин найзууд маань тодорхой хэмжээнд хаана очих гэж байгаагаа мэдэж байж ирдэг. Манайх жишээ нь, Дарь-Эхэд гэр хороололд байдаг. Хогны машин ирж ачна гээд гудамжинд хог, үнсээ асгачихсан байх нь бидний хувьд мэдээж муухай санагддаг. Хэрвээ айл болгон Хоост айл гэх зарчмын тухай ойлголттой болвол нэрээ бодоод, цэвэрхэн, бас дутагдлаа засах хэрэгтэй болж байгаа юм. Манайх жишээ нь нүхэн жорлон хэрэглэдэггүй, модны үртсийг ашигласан хуурай жорлон хэрэглэдэг. Өөрсдийнхөө амьдрал ахуйд за яахав гээд юмаа шинэчилж, сайжруулахгүй яваад байдаг хэрнээ өөр танихгүй хүн ирнэ гэхээр л гэр орноо цэвэрлэж, ахуй орчноо янзалж, амьдралаа эргэн харж засдаг.

    Би хүүхдүүд болон эргэн тойрны хүмүүстээ ямар ч ач тусгүй, хүнийг эрүүл мэнд, гоо сайханы хувьд хохироож байдаг муу зуршлыг харуулахгүйн тулд, мөн байгальд шингэхгүй хог хаягдлыг багасгах зорилгоор гэртээ тамхи татдаг гадаад хүнийг ирүүлэхгүй болж байгаа.

    -Уг нь эрүүл, сайхан орчинд амьдрахын тулд хүн бүр хэн нэгэн хүнээр хэлүүлэлтгүй орчин тойрондоо ухамсартай хандах хэрэгтэй биш гэж үү?

    -Хүн өөрөө урсгалаараа байх тусам,хүнээр хэлүүлэхгүй,бусдын тавьж байгаа шаардлагагүйгээр илүү сайн болно  гэж хэзээ ч байдаггүй. Жишээлбэл, гадаадын айлчин хүн манайхыг зорин ирснээр сайхан амьдрахын тулд илүү мэрийлттэй болж, өдөр тутмын амьдралын хэмнэл өөрчлөгдөж, бусадтай  ч тэр өөрчлөлтөө хуваалцахыг хүсэх болсон.

    Айл болгон янз бүр байгаа байх. Гэхдээ би өөрийнхөө гэрийн жишээгээр хэлэхэд гаднын хүн байх тусам амьдрал ахуйдаа илүү анхаардаг.  Манайх хашаандаа нэлээн хэдэн модтой боллоо, гэр дотроо химийн гаралтай будаг, хулдаас, химийн цэвэрлэгч бодисыг хэрэглэхээ больж, хэрэг багатай ахуйн эд зүйлс, хэрэглэгдэхүүнээс аль болох татгалзаж амьдарч байна.

    -Илүү сайхан хотод амьдрахын тулд хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

    -Өнөөгийн дэлхийн хүмүүсийн хүсээд байгаа амьдрал бидний  жирийн амьдрал дунд, Монгол ахуй соёлд минь байгаа. Хөгжлийн өндөрт хүрсэн, өндөр барилгад амьдардаг, өндөр цалинтай хүмүүс энд ирээд бидэн  шиг энгийн амьдралаар амьдрахыг хүсч байна шүү дээ. Гол нь бид тэрийгээ өнгөлж зүлгээд, засаж шинэчлээд явах хэрэгтэй гэж уриалмаар байна.

     

    #UBHUMAN

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ