• М.Энхсайханыг зуусан зуулт Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд үргэлжилж мэдэх юм

    Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, сайдаар ажиллаж байсан  М.Энхсайханыг АТГ прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчилж 461 дүгээр ангид хонуулсан хэргийн дуулиан шуугиан үргэлжилсээр байна. Түүнийг АТГ-аас баривчилсан ч уг шийдвэрийг маргааш нь шүүхээс   хууль зөрчсөн хэмээн үзэж суллах шийдвэрийг гаргасан.

    Энэхүү баривчилгаа шуугиан тарьж, хийгээгүй хэргийн төлөө суулгадаг цаг ирлээ гэх гаргалгааг олон хүн хийж байна. Тэр дундаас Улсын баатар Э.Бат-Үүлийн дуу хоолой тод сонсогдлоо. Түүнийхээр бол Ерөнхийлөгч Х.Баттулга түүний Тамгын газрын дарга З.Энхболд нар 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг ялангуяа Лхүмбийн хэргийг сэргээсэн үйлдэл болсон гэв. Мөн тэрбээр АТГ, Прокурорын удирдлагыг сольсон шалтгааны цаад санаархал нь ийнхүү илэрлээ гэж үзэв.

    Нээрээ ч байгуулагдаагүй гэрээгээр М.Энхсайханыг ийнхүү баривчилсан явдал Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нар  хүчээ харуулсан хэрэг бөгөөд эсрэгээр дэмжлэгээ алдах ухвар мөчид явдал болов.

    М.Энхсайхан яагаад зуугдах болов? Тэрбээр Тавантолгойгоос Гашуунсухайт руу тавих төмөр замын ажил буюу овоолсон шорооны асуудлыг нийгэмд дэлгэн тавьсан учраас өнөөгийн Ерөнхийлөгчийн “хорхойтой араа”-нд зуугджээ.

    Энэ тухай М.Энхсайхан өгсөн ярилцлагадаа   “Төмөр замын төслөөс болоод би зуугдсан. Улсын хөрөнгийг хий хоосон мөрөөдөлд үрэн таран хийж байна гэдгээс улбаатай. Төмөр замын хулгай, буруу бодлогыг анх би олон түмэнд  ил болгосон. Бичлэгүүд интернэт орчинд байгаа. Одоо ч ач холбогдолтой шүү. Өс хонзон сүрхий тээдэг хүн юм байна. Түүнээс айж Монголоо золиослоно гэж юу байхав” гэжээ.

    М.Энхсайхан бол Монгол ардчилсан улс болсноос хойш “ардчиллынхан” гэгддэг намуудаас хамгийн анх Ерөнхий сайдаар тодорсон нэгэн. Өөрийн гэсэн үзэл бодолдоо туйлбартай тэрбээр Ерөнхий сайдын албыг нь булааж авсан тэр үеэс л “ганцаардмал чоно” гэгдэж ирсэн. Дараа нь 2004 оны УИХ-ын сонгуулиар ардчилсан эвслийг удирдаж сонгуульд амжилттай оролцуулсан ч дахиад л жийгдсэн. Тэгээд АН-аас гарч одсон билээ.

    Тэгвэл өнгөрсөн 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт том төслүүдийг хөдөлгөх үүрэг хүлээсэн сайдаар томилогдон ажиллаж байлаа. Энэ үед Тавантолгойн ордыг ашиглах гэрээг хийхээр Засгийн газрын багийг ахлан ажиллаж бэлэн болгосон ч 2015 оны УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд уг асуудлыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж байв. З.Энхболд тэгэхэд гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, хэрвээ гарын үсэг зурвал тэр сайдыг цаашлаад Засгийн газрыг чинь огцруулна гэж мэдэгдэж байв.

    Ийнхүү тэр  гэрээ зогссон ч одоо хэр асуудлыг бүр Монголын Төрийн тэргүүний өндөрлөгөөс сөхсөөр байна.  Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагын хурал дээр жирийн иргэний шугамаар очиж уг гэрээний төслийг хүлээлгэн өгч Ц.Элбэгдорж нарыг холбогдуулан шалгах лүндэн буулгасан.   Харин одоо мөнөөх  хийгдээгүй гэрээгээр М.Энхсайханыг баривчилж хорьсон ч шүүх хуулийн дагуу шийдэн түүнийг суллалаа.

    Үхэх, хоригдох хоёроос бусдыг үзээд байсан М.Энхсайхан ийнхүү хоригдож үзлээ. Харин түүнийг зуусан зуулт хэзээ тавигдахыг бид мэдэхгүй. Магадгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд үргэлжилж мэдэх юм.

    gereg.mn

    Холбоотой мэдээ