• Д.Лүндээжанцан:Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчид дотроосоо аймаг,нийслэлийнхээ иргэдийн төлөөлөгчдийг сонгоно

    2019-06-25

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай Үндсэн хуулийн төслийн талаар ярилцлаа.

    -Үндсэн хуулийн төсөлд орон нутагтай холбоотой гурван өөрчлөлт орсны нэг нь аймаг, нийслэлийн ИТХ-ыг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчид бүрдүүлдэг байхаар тусгаж өгсөн. Ямар үндэслэлээр энэ заалтыг оруулж ирсэн бэ?

    -Нэг сонгууль хасагдаж байгаа юм. Тэр нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль. Яагаад гэхээр сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлаас сонгогдсон төлөөлөгчид дотроосоо  аймаг, нийслэлийнхээ иргэдийн төлөөлөгчийг  сонгоно. Өөрөөр хэлбэл, суманд 20 төлөөлөгч байлаа гэхэд тэд нар нь хуралдаад  оногдсон мандатынхаа тоогоор  1-2  хүнийг, аймгийн төвүүд 3-5 хүнийг сонгох жишээний.

    Ямар агуулгаар энэ асуудал гарч ирсэн бэ гэхээр  нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргаа нутаг дэвсгэрийн үндсэн нэгж нь сум, дүүрэг байна гэдэг үзэл баримтлал  сууж өгсөн. Өөрөөр хэлбэл, суманд иргэдийнхээ  эрүүл мэндийг сахин хамгаалахад тухайн сумын эмнэлэг үйлчилгээ үзүүлнэ, боловсрол, нийгмийн хэв журам аюулгүй байдал, нийгмийн халамж гэх мэт  бүх л төрийн үйлчилгээ суманд төвлөрч байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудал нь сум, дүүрэг үндсэн нэгж нь юм. Суман дотроо ажиллаж амьдарч байгаа  хүн сумынхаа эрх ашгийг төлөөлөөд аймагт очиж төлөөлөгчдийн хуралд  үгээ хэлж,  байр сууриа гаргана. Сум сумын жинхэнэ төлөөлөл  байх  утга нь үүнд илүү байна гэж үзсэн.

    -Сум, дүүргийн Засаг дарга нарыг иргэд нь сонгочихоор дээрээ эрх барьж байгаа намын бодлого доод шатандаа очоод гацна гэсэн болгоомжлол байна.Энэ талаар юу хэлэх вэ?

    -Энэ хоёр талтай. Зарим нь дээрээсээ нэвт шувт нутгийн өөрөө удирдах  ёсыг үгүйсгээд томилгоо хийгдэхээр боллоо гэж байгаа. Тийм биш гэж бодож байна. Нутгийн өөрөө удирдах ёс хаана хэрэгжих юм бэ гэвэл суманд л  хэрэгжинэ. Нутгийн өөрөө  удирдах ёсны төлөөлөгчдөөс нь аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэлдэх юм.  Тэд нар нь Засаг даргаа сонгон нэр дэвшүүлж , Ерөнхий сайд  нэр дэвшүүлсэн хүнийг томилохгүй бол  дахин нэр дэвшүүлээд түүнийг нь заавал томилох үүргийг Ерөнхий сайдад хүлээлгэж байна.

    Засаг дарга нар төрийн төлөөлөгч, нутгийн удирдлагын өөрөө удирдах ёсыг хослуулах зарчмыг  баримтлах  ёстой.

    Аймгийн Засаг дарга төрийн төлөөлөгч, сумын Засаг дарга  төрийн төлөөлөгч. Сум, дүүргийнхээ иргэдээс сонгогдож гарч ирсэн  гээд би төрийн төлөөлөгч биш гээд сууж байхгүй нь лавтай. Ер нь УИХ-ын гишүүн ч бай, ард түмнээс сонгогдож байгаа Ерөнхийлөгч байсан ч  төрөө л  төлөөлж байгаа. Харин ямар ч Засаг дарга яаж ч сонгогддог байлаа гэсэн  хуулийн хашаанд хуулийг хэрэгжүүлж л ажиллаж үүрэгтэй. Хуулиас давсан Засаг  дарга байхгүй. Тэгвэл хуулиас давсан ажил хийхгүй байх үүднээс нутгийн удирдлагын хууль буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар  эрх мэдлийг нь хуваарилна. Аймгийн Засаг дарга яг юуг нь  эрхлэх юм, сум, багийн Засаг дарга юуг нь эрхлэх юм гэх мэтчилэн.

    Гэтэл өнөөдрийн хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх гээд дунд нь нэг  том уут орхичихсон. Жишээ нь, аймгаас нийслэл өөр байна. Дүүрэг,  сум хоёрыг  харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй байна.  Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөж үл болох зарчим  байгаа. Тэр зарчмынхаа хүрээнд явдгаараа явна. Органик хууль буюу нутгийн удирдлагын тухай хуульд аймаг, сум, багийн Засаг даргын чиг үүргийг нэг бүрчлэн тус бүрээр нь   зааж өгнө. Тэр үүргээ  биелүүлэхгүй байгаа тохиолдолд нутгийн иргэд нь огцруулах, сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хуралд аймгийн Засаг дарга огцруулах асуудлыг  оруулах   юм.

    Зарим хүмүүс аймгийн Засаг дарга нар нь 330 сумын Засаг даргыг огцруулаад оронд нь ард түмнээс сонгогдоогүй хүмүүсийг томилно гэж мушгин гуйвуулаад байгаа юм.

    Тийм юм гэж байхгүй. Ямар  тохиолдолд сумын Засаг даргыг огцруулах  вэ гэдэг нарийн зохицуулалтыг одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд  тодруулж өгөхөөс гадна органик хуулиар нарийн зохицуулна. Хоёрдугаарт, байгалийн баялаг ихтэй сумын Засаг дарга нар хэнд ч захирагддаггүй, феодалууд  болсон гэлцдэг. Төгс төгөлдөр юм гэж хэзээ ч байхгүй. Харин үүнийг яаж сааруулах вэ, хэрхэн таслан  зогсоох вэ гэдгийг органик хуульд давхар зохицуулж өгөх гэж байна.

    -Сум, дүүргийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцрууллаа гэхэд яагаад нөхөн сонгууль явуулахгүйгээр орны хүнийг  аймаг, нийслэлийн Засаг дарга нь шууд томилдог байхаар оруулж ирж байгаа юм бэ?

    -Энэ асуудлыг эргэж тодруулахаар болсон. Органик хууль буюу Нутгийн удирдлагын тухай хуульд байгаа зарим заалтаа  зарчмын хувьд Үндсэн хуульд суулгаж өгье гэж. Бүрэн эрхийн хугацаа дуусахаас жил ч юм уу хагас жил дутуу байхад дахиад л сонгууль явуулж хэрэггүй шүү дээ. Үнэхээр хууль зөрчөөд сонгосон бол ард түмэн бас хариуцлагаа хүлээнэ.Болохгүй хүнийг сонгосон хариуцлагаа хүлээгээд томилох асуудлаас гадна  үлдэж болно.Энэ мэтчилэнгийн асуудлууд байдаг.Тиймээс нөхөн сонгуулийн хугацаа гэдгийг эргэж харья,  нэг жилийн хугацаа дутуу байвал заавал сонгууль явуулах хэрэг байна уу. Нөхөн томилох асуудал тавигдаж болно. Гол нь иргэд өөрсдөө огцрох асуудал, иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын тавьсан  саналыг үндэслээд ИТХ нь  асуудлаа тавьж шийдэх  гэх мэтчилэн.

    -Орон нутагт нь татварын эрхийг олгох асуудал орж ирж байгаа талаар тайлбарлаж өгнө үү?

    -Хуулийн хүрээнд гэж байгаа. Дур дураараа татвар тогтоогоод байх тухай асуудал биш юм. Ер нь татвар тогтоохыг хасчих шиг амар юм байхгүй. Финланд гэхэд  дөрөв, таван сая хүн амтай, манайх шиг тархай, бутархай газар нутагтай, нэгдмэл улс. Тэгсэн атлаа аз жаргалын индексээрээ  дэлхийд нэг, хоёрдугаарт ороод байгаа. Үүн шиг яагаад явж болдоггүй юм бэ гэдгийг л  бид нар харж ярьж байгаа юм.

    Орон нутгийн шинжтэй жижиг татварыг  хуулиар нь ийм  хэмжээнд гээд тогтоогоод өгч болно.Ер нь татварт дуртай хүн байхгүй шүү дээ. Гэлээ гэхдээ нийгэм, эдийн  засгийн зохицвор болж хөгжье,  иргэддээ үйлчилгээ үзүүлдэг  төв нь больё  гэж байгаа бол өөрийнхөө орон нутгийн хэмжээд татвараа тогтоодог  байх ёстой. Жишээ нь, нийслэл нь татвараа, дүүрэг нь татвараа  тогтоодог баймаар байна. Гэхдээ энэ нь бүх нийтийг хамарсан том  хэмжээний татвар  биш. Яг орон нутгийн эрх хэмжээнд таарсан татвар л байна. Энэ асуудал олон жил яригдаж байгаа.

    -Дархан, Эрдэнэт зэрэг аймаг улсын чанартай хот гэдэг статусаа одоо л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр авах гэж байна. Энэ талаар…?

    Улсын хэмжээний хот, орон нутгийн харьяалалтай хот гээд хотын асуудлыг түүний өөрийн удирдлага, засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын зарчмыг хуулиар зохицуулна гэдэг заалт орж ирж байгаа. Энэ  нь зөвхөн засаг захиргаа нутаг  дэвсгэр дэх нэгж хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэдгээс  шал өөр агуулгатай заалт юм.

    Дархан, Эрдэнэтээс гадна Улаанбаатар ч гэсэн хот. Одоогийн байдлаар  улсын хэмжээний хот гэж төсөөлж байгаа гурван хот байна. Цаашдаа Улаанбаатарт Сонгинохайрхан ч гэдэг юм уу хотууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Монгол Улсад цоо шинэ  томоохон улсын хэмжээний хот  ч гарч ирж болно. Тэгэхээр Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль амь ороод ямар хэмжээнд  хүрвэл улсын хэмжээний хот байх юм,  энэ нь өөрийн  удирдлагын байгууллага болох  зөвлөл, захирагчтай  түүнийгээ иргэд нь сонгочихдог, засаг захиргааны хувьд давхацсан тохиолдолд  шууд аймгийн ч юм уу   сумын эрх хэмжээг эдлээд явчихдаг, хотын үйлчилгээн дээрээ төрийн үйлчилгээг аваад  явчихдаг үйл  ажиллагааг  Нутгийн удирдлагын тухай хууль болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нарийн зохицуулж  өгнө. Үндсэн хуульд бүх юмыг бичих арга байхгүй. Германы болон Оросын хуульд Москва, Санктпетербург гэх мэтчилэнгээр хотыг нэр заасан байдаг.  Яагаад гэхээр холбооны улсууд. Монгол харин нэгдмэл улс учраас  тэр, тэр гэж зааж болохгүй зарчмын нэг асуудал байгаа юм.

    -Хотыг улсын, орон нутгийн гэж ангилаад байгаа нь ямар ач холбогдолтой юм бэ?

    -Манай улс хуучин социализмын үед  аймаг, хот сум, дүүрэг,  орон нутгийн харьяалалтай хот хороо  гэж  байсан. Манайх шиг  ардчиллыг сэргээсэн  болон шинээр тогтоосон шилжилтийн  орнуудыг ч харах ёстой. Ер нь хотжих процесс Монголд явагдах цаг нь болсон.  Монгол орны энэ өргөн газар нутаг эзэнтэй байж  тэр сумыг  нь үндсэн нэгж болгон бэхжүүлж амьдрах ёстой биз дээ. Бүгдээрээ хот суурин газар ирж болохгүй. Хөдөө байгаа хотуудын хотжих процессыг дэмжиж хөгжүүлэхэд улсын хэмжээний болон орон нутгийн харьяалалтай хот гэдэг асуудал яригдахаас өөр аргагүй байгаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ