• ШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын амьдарч байсан 1.4 тэрбумын хаусыг албадан чөлөөллөө

    УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын байрыг өнөөдөр /2019.06.24/ 10:00 цагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан чөлөөлөх ажиллагаа явууллаа. Уг байрыг өнгөрсөн Баасан гаригт хураах байсан боловч хугацаа олгож өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан аж. Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа “УБТЗ” ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй таунхаус захиалан бариулж эзэмшиж байгааг “УБТЗ” ХНН -ийн ажилчид хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсанаар гурван шатны шүүхийн шийдвэрээр  уг хаусыг чөлөөлөх шийдвэр гарсан байна.

    Гурван ч шатны шүүхийн шийдвэрээр чөлөөлөх шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй учир ШШГЕГ-аас ийнхүү албадан чөлөөлж байгаа аж.

    Энэ үеэр УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар  “Нэгдүгээрт хувь хүний эрх чөлөөнд халдаж байна. Монгол Улсын шүүх гэдэг юм уу бусад байгууллагын харалган бодлого юм болов уу гэж ойлгож байна. Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг би буруутгахгүй. Яагаад гэвэл чөлөөлөх ёстой гэж байсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас дүүрэг хариуцсан тасгийн байцаагчийн дүгнэлт гарч энэ байрыг чөлөөлөх, энэ байранд ямарваа нэгэн тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад даалгасан.

    Энэ мэдэгдэл байгаа учраас хүлээгээд байж байсан. Дээд шүүхийн шийдвэр байхад дахиад шүүхийн шийдвэр, захирамжууд гарсан байна. Шүүхийн шийдвэрээс мэдэгдэл гаргаад энэ байранд тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг. Ийм зөрчилтэй байдлыг яаж даван туулах вэ гээд хүлээгээд байж байсан юм. Миний зүгээс тавдугаар сарын 13-нд сайн дураараа гаръя гэсэн хүсэлтээ өгчихсөн байсан. Гэтэл сайн дураараа гаръя гэхэд Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нар бах таваа хангая гэсэн зорилготой байжээ. Нэг дэх өдөр 15.00 цагаас гар гэдэг ийм ажиллагаа явуулсан. Харин шүүхийн шийдвэрээс тэгж болохгүй 72 цагийн хугацаанд ажлаа гүйцэтгэх ёстой гэж шийдсэн.

    Энэ байрны хөрөнгө хувь нийлүүлсэн УБТЗ-ын хөрөнгө. Энэ бол Монголын ард түмний хөрөнгө биш ОХУ-ын хөрөнгө юм. Би ажлаа хүлээлгэж өгөхдөө 110 тэрбум төгрөгийг дансанд хүлээлгэж өгсөн. Энэ мөнгөний нэгээс хоёр хувийг надад шагнал болгон өгнө гэхэд би авахгүй гэсэн. Манай зүтгүүрийн цахилгаан мотор тэрбум таван зуун мянган төгрөг. Зүгээр нэг сэлбэг нь ийм үнэтэй байдаг. Манай төмөр зам 400-500 тэрбум төгрөгийн орлого хийдэг. Гэхдээ төмөр замчдад байр авч өгнө гэсэн эрх зүйн орчин байхгүй. Яагаад гэвэл энэ мөнгө хамтарсан үйлдвэрийнх болохоор тэр. Хэрвээ Монголын үйлдвэрийн мөнгө байсан бол би баярлах байлаа.

    Би энэ байрыг зараад төмөр замчдын байрны мөнгөнд хандивлаж чадахгүй. Яагаад гэвэл үүнийг Москвад  ТУЗ-ын шийдвэр гарч байж өгдөг юм. Дархан, Улаанбаатарт байгаа долоон байрыг төмөр замчиддаа хэд дахин явж Засгийн газрын хамтарсан хурлын шийдвэр гарч байж энэ байрыг авахуулж байсан. Энэ хөрөнгийг ямар нэгэн байдлаар “саана” гэдэг маш хэцүү. Шаардлагатай бол их хурлаар ордог.

    Урьд нь байсан дарга нар тухайн үедээ хамгийн үнэтэй байр авсан. Миний амьдарч буй байр бол жижигхэн компанийн захирлын амьдардаг байр шүү дээ. Би энэ байрыг чөлөөлөөд жилийн дараа зарах шийдвэр хувь нийлүүлсэн байгууллагаас гарна. Үүнийг зараад тэр мөнгийг УБТЗ-ын орлогод өгөхгүй.

    Намайг Москвагаас ирэхэд та ямар байранд амьдрах уу гэж асууж байсан. Ингээд авахаар болж хоёр гэрээ байгуулсан. Тийм учраас би өөрөө авсан юм байхгүй. Та энд амьдар гэхдээ авлига авч болохгүй. Та бүх цаг заваа төмөр замд зориул гэсэн тохиролцоо байсан. Яагаад ТУЗ-тай байгуулсан гэрээгээр байртай болж болдоггүй юм. Өмнөх дарга нар ТУЗ-ын гэрээгээр байртай болчихсон. Би энэ байшинг хууль ёсоор нь нуулгүй ил тод авсан. Өөрөөр хэлбэл, энэ байгууллагыг удирдаад 100 тэрбум үлдээгээд, 50 тэрбумын ашиг өгөөд, эсвэл хоёр миллиард долларын гэрээ хийвэл та байр байтугай авч болно гэсэн тохиролцоо юм. Энэ бол эдийн засагтай улс оронд байдаг л тогтолцоо шүү дээ” гэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ