• Р.Содномдаржаа:Малын өсөлтөд хязгаарлалт хийж, тодорхой хэсгийг нь экспортлох  хэрэгтэй

    2019-06-24

    Малын гоц халдварт  өвчингүй хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах тухай  Засгийн газрын 284 дүгээр тогтоол 2017 оны есдүгээр сарын 27-нд гарсан. Уг тогтоол нь хөрш орнуудын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын хилийн зарим боомтын ойролцоо малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулан ажиллуулах, тухайн орон нутаг хууль,тогтоомжийн дагуу хадлан тэжээл, бэлчээрийн газар олгохыг дэмжих зэрэг заалттай тогтоол юм.

    Малын гоц халдварт өвчингүй хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах тухай Засгийн газрын 284 дүгээр тогтоолын учир холбогдлын талаар Мал эмнэлгийн ухааны доктор, профессор Р.Содномдаржаатай ярилцлаа. Click To Tweet

    -Малын гоц халдварт  өвчингүй хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах тухай гарсан  Засгийн газрын тогтоолын талаар Та ямар бодолтой байна вэ?

    -Тусгаарласан гэдэг нь өөрөө идэвхгүй үг байгаа юм. Цаад агуулгаар нь авч үзвэл хамгаалагдсан гэх  хэрэгтэй. Байгуулагдах аж ахуйг ерөнхий шаардлага талаас нь авч үзвэл дотроо эрүүл малтай аж ахуйгаа гаднаас яаж өвчин халдаахгүй байх вэ гэх био аюулгүй ажиллагааны менежментийг маш сайн мөрдөж хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт энэ эрүүл, хамгаалагдсан мал гэдгийг импортлогч талд хүлээн зөвшөөрүүлэх ёстой юм.

    -Засгийн газрийн  тогтоол гарсантай холбоотойгоор байгуулагдсан аж ахуйн нэгж  байна уу?

    -Байгуулсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ тэнд байгуулчих гээл яриад байгаа юм билээ. Бүс байгуулж болно,гэхдээ хялбарчилж байгуулж болохгүй.  Дэлхийн мал,амьтны эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн зөвлөмжийг өөрийн нөхцөлд тохируулж хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь эрүүл малтай, түүнийгээ өвчнөөс найдвартай хамгаалсан байх ёстой.

    -Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид юуг анхаарах талаар тусгасан байдаг вэ. Улс орон өөр өөрийн онцлогт тохируулж зөвлөмжийг хэрэгжүүлдэг байх?

    -Энэ байгууллагаас шүлхий, мялзан, үхрийн тархи сархиадах эмгэг, Африкийн адууны өвчин гэх мэт долоо, найман өвчнөөс бүхэлд нь хамгаалсан  эрүүл халдваргүй бүс байгуулж, хүлээн зөвшөөрөөд энэ статусыг олон улсын худалдаанд авч үздэг. Гэтэл бэлчээрийн мал аж ахуйтай орнууд тэр болгон бүхэлд нь эсвэл бүсээр эрүүл, халдваргүй гэдгээ баталгаажуулахад хэцүү байдаг. Манай улс 2009-2013 он хүртэл баруун 7 аймгаа халдваргүй бүс болгож баталгаажуулах зорилгоор маш их ажлыг олон улсын байгууллагуудын оролцоотойгоор хийсэн. Яг статусаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар (ДМАЭМБ) баталгаажуулахын… Click To Tweet. Ингэж эрүүл, халдваргүй бүс болгож байсан ажил маань бүтэлгүйтсэн.

    Энэ нь ганцхан манайд ч биш газар нутаг томтой, бэлчээрийн мал аж ахуйтай, малынхаа шилжилт хөдөлгөөнд хяналт тавих боломж хомс улс орнуудад нийтлэг тохиолдож байгаа бэрхшээл юм. Энэ бэрхшээлийг Дэлхийн мал,амьтны эрүүл мэндийн байгууллагаас  харгалзаж үзсэн.  Тиймээс ДМАЭМБ-аас том бүсээр нь биш, эрүүл малтай аж ахуйг тусгайлан байгуулаад био аюулгүйн үйл ажиллагааны сайн менежментийг хэрэгжүүлж, тусгаарласан compartmentalization гэх нэр томъёоны дор эрүүл аж ахуй байгуулахыг гишүүн орнууддаа зөвлөж байгаа. Click To Tweet

    Үүний дагуу эрүүл малтай аж ахуйг манай оронд байгуулбал зохимжтой юм гэж Засгийн газрын төвшинд үзсэн.

    Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хэдхэн дарга орлогч, нарийн бичиг нь сууж байгаад шийдэхгүй шүү дээ. Нэгдэж орсон 180 улс орны төлөөлөгч нар жил бүрийн тавдугаар сарын сүүлээр хуралдаад  хэн хариуцах, яах ийх асуудлаа шийддэг. Өөрөөр хэлбэл, хэн нь хариуцахыг тодорхойлж өгдөг гэсэн үг.  Гишүүн орны хүлээсэн үүрэг гэж байна. Аль болохоор үүргээ хэрэгжүүлэхийг зорино.

    Тусгаарласан аж ахуй дээр хамгийн гол нь худалдаа  хийж байгаа хоёр талын харилцан зөвшөөрлийн асуудал юм. Жишээ нь, Сүхбаатар аймгаас БНХАУ руу мах гаргах аж ахуй байгуулья, танай аймгийн Мал эмнэлгийн газар баталгаажилтыг нь гаргаж болно гэвэл заавал улсын Мал эмнэлгийн газар гэхгүй шүү дээ.

    Импортлогч талд л хүлээн зөвшөөрүүлэх асуудал байгаа юм. Эрүүл малтай бүс эсвэл өвчний халдваргүй бүс байгуулах тохиолдолд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрөх асуудал яригдана. Энэ байгууллага хүлээн зөвшөөрчихвөл зөвхөн нэг импортлогч байгууллага биш дэлхийн бүх улс орон тухайн орны малын   өвчингүй гэсэн  статусыг хүлээн зөвшөөрсөнтэй адил гэсэн үг.

    -Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Мал,эмнэлгийн газраас зааварчилгаа гарсан байна. Энэ талаар Та мэдээлэл өгөх боломжтой юу?

    -Бололгүй яахав.Зааварчилгаа гэдэг нь эрүүл малтай, өвчингүй тусгаарласан аж ахуйн хэрэгжүүлэх мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага юм.

    Нэгдүгээрт, хамгийн гол амин сүнс нь эрүүл малтай байх ёстой.

    Хоёрдугаарт, гаднаас өвчин халдаачихгүй био аюулгүй байдлын менежментийг нэвтрүүлсэн байх ёстой. Ингэхийн тулд   эхлээд   бүсээ тусгаарлана. Үүнийхээ дараа эмнэл зүйн шинжилгээ хийгээд малаа оруулна гэсэн үг.

    Ерөнхийдөө хязгаарлалтын, хамгаалалтын, тугаарлалтын гэсэн гурван бүсийн асуудал яригдана. Ганцхан аж ахуйн нэгж тусгаарласан бүс байгуулна гэж тусгайлан заагаагүй, хэд хэдэн аж ахуйн нэгж  байж болно. Гэхдээ био аюулгүй хамгааллын менежмент нь нэг байх ёстой. Эхний бүсэд ямар хүмүүс  ажиллах вэ, эрүүл бүстэй малд орох ажилчид нь хүртэл хязгаартай, орж гарахдаа ариутгадаг байх ёстой. Үүнийгээ бий болгочихоод импортлогч талдаа хүлээн зөвшөөрүүлэх ёстой байх нь.

    Хоёрын хооронд юм байгуулаад нөгөө улсад хүлээн зөвшөөрүүлж чадахгүй бол дэмий.Тиймээс  мал эмнэлэг, ариун цэврийн үүднээс нь гаргаж өгсөн зааварчилгаа нэртэй журам байгаа юм. Амар хялбар аргаар байгуулчих гэсэн санаархал байгаад байх шиг байгаа юм. Ингэж нүүр улайлгасан юм хийж болохгүй шүү.

    -Манайхан БНХАУ-д мал, махаа гаргана гэхээр нийтээрээ дургүй хандлагатай байдаг. Уг нь хамгийн их худалдааны харилцаатай байдаг урд хөршид мал, махаа экспортолно гэдэг валют олох том боломж. Хүмүүсийн сөрөг хандлагыг яаж өөрчлөх вэ?

    -Янз янзын л үзэл бодолтой хүмүүс байгаа. Миний бодлоор малын тоо толгой  60 гаруй саяд хүрч, бэлчээр их талхлагдаж байгаа нь зарим газар хэрээс хэтэрч байна. Сүхбаатар, Хэнтий зэрэг аймагт бэлчээрийн идэш тэжээлийн дутагдалд орчихсон байна шүү дээ.Өнгөрсөн хавар бог мал хулгана хүртэл идсэн гээд  мэдээллээр хүртэл гарлаа. Энэ үнэхээр өнөөгийн бодит байдал.   Идэш тэжээлийн хомсдолтой холбоотой. Өнгөрсөн хавар би зүүн аймгуудад ажиллахдаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малын эмчтэй уулзсан. Би хулгана идсэн гэхээр нь нэг, хоёрыг л идсэн байх гэж бодсон. Гэтэл тэр эмчийн гаргасан хонины гэдэс дотроос 14 хулгана гарсан байсан. Click To Tweet Зөвхөн Мөнххаанд биш, Халзан, Дарьганга  сумдад ч ийм зүйл тохиолдсон.  Ургамал хамгааллын хүрээлэнгийн доктор Энхболдын ярьж байгаагаар хулгана иднэ гэдэг идэш тэжээлийн хомсдолтой холбоотой юм билээ. Эцсийн дүндээ бэлчээрийн талхлагдалтай л холбоотой гэсэн үг шүү дээ. Хулгана хүртэл ядруу болчихдог байх нь. Хонинд хулгана гүйцэгдэнэ гэхээр л ойлгомжтой байгаа биз дээ. Тиймээс малын өсөлтөд хязгаарлалт хийж, тодорхой хэсгийг нь экспортлох  хэрэгтэй л гэж бодож байна.

    Хуучин  өндөр уулын бүсэд  булчин цайх өвчин гэж гардаг байсан. Одоо бол  тал хээрийн бүсээр гардаг болсон байна. Ерөөсөө л иддэг юм нь хомсдоод бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор эдгээр асуудлууд гарч байна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна.

    Манайх 1990 оноос өмнө 25 сая толгой малтай байхдаа 240 тонн мах экспортолдог байсан. Одоо 60 гаруй сая малтай, тэгээд бэлчээр нь доройтсон ийм нөхцөлд тодорхой хувийг нь экспортлох хэрэгтэй. Click To Tweet Тодорхой хэмжээнд квот тогтоогоод экспортыг зөв номоор нь явуулах ёстой гэж боддог юм. Иргэд малчдад  бодит байдлыг  сайн ойлгуулах ёстой. 1000 гаруй малтай гээд л байдаг, түүнийхээ тодорхой хэсгийг мөнгө болгоод бусдыг нь цаг агаарын хүндрэл, идэш тэжээлийн хомсдолд орлоо гэхэд хамгаалах сайн менежментийг хэрэгжүүлмээр л санагддаг юм. Их олон малтай байлаа гээд тухайн малчны амьдралыг сайжруулахад тус болохгүй болов уу л гэж боддог.   Хамгийн гол нь эрүүл малтай аж ахуй байгуулах.  Ямар нэгэн  асуудалтай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортолчихбол өөрийнх нь малд  халдвар үүсгэчих вий гэж гадныхан болгоомжлох нь зөв.

    -Сүүлийн 20 гаруй жилийн махны экспортын алдаа, оноо нь юу байна вэ?

    -Ололт нь энэ шүү гээд хэлэх юм надад алга байна. Яахав Арабын зах зээлд гаргадаг болсон нь ололт юм уу даа. Өнгөрсөн намар гэхэд л хурга, эр малыг хязаалан соёолон гэж нас ахиулалгүйгээр 18-24 сартайд нь мах болгоод экспортлох судалгаа аж ахуйн зохион байгуулалтын ажлыг хийж л байх шиг байна. Энэ бол тодорхой хэмжээгээр ололт байх. Алдаа дутагдлыг нь би хэлж мэдэхгүй юм.

    -Тусгаарласан бүс ажиллалаа гэхэд малчдын малнаас шинжилгээ авахаас эхлээд ажил өрнөх байх даа?

    -Мал эмнэлгийн газраас ингэнэ тэгнэ гэж нарийн зааварчилгаа гарах ёстой. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль  шинээр хэрэгжиж эхлээд нэг жил болж байна. Энэ хуулиар сумын төвшинд  малын эмчээр хоёр хүн ажиллаж байхаар хуульчилсан. Нэг нь малын тархвар зүйгээр ажиллана.  Нийт сумын 60  орчим хувь нь малын эмчээр хангагдсан гэж дуулдсан. Тэр эмч яах вэ гэхээр манай нэгдүгээр багт ийм, ийм өвчин гарч байсан, хоёрдугаар багт өвчин гарч байгаагүй гэх мэтчилэн мэдээллээ сайн мэддэг байх ёстой.  Сумынхаа малыг сууриар нь мэддэг байх ёстой юм. Эхний хэдэн жил маш их ажиллагаатай байна. Тодорхой баримт, мэдээлэл дээр тулгуурлаад тусгаарласан аж ахуй нь энэ аймгийн энэ суманд тэдэн онд ийм малын өвчин гарч байсан байна, тиймээс эхний ээлжинд өвчлөл бүртгэгдээгүй сумаас нь авья гэх мэт мэдээллий баазтай болчихсон  байх юм. Тэгээд сонгож авсан мал дээрээ түүвэр шинжилгээг ном ёсоор нь хийх ёстой.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ