• Бөхчүүдийн асуудалд Бөхийн холбоо л хамгийн их буруутай

     

    Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б. Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийн барилдах эрхийг сэргээсэнтэй холбоотой асуудал амралтын өдөр шуугиан тарилаа. Өчигдөр Бөхийн өргөөнд болсон наадмын сорилго буюу улсын арлсан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит 128 бөхийн барилдаанд улсын заан Б. Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нар барилдахаар бүртгүүлж, зодог шуудгаа өмсөөд байхад нь улсын аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүд эсэргүүцлээ.

    Ч.Санжаадамба аварга “Энэ 5 бөхийн мууг үзэх гэсэндээ биш ээ. Цаашлаад энэ чинь 500 бөхийн асуудал болно…” хэмээж байсан. Үнэндээ бол шийтгэлийн 2 жилийн хугацаа нь дуусаагүй, 70 хувийг эдэлсэн бөхчүүдийг уучлал гуйхаар нь барилдах эрхийг сэргээсэн нь МҮБХ-ны л буруу мэт. Тэгвэл шүүх ийм шийдвэр гаргасан нь буруу зөвийг хэлэхэд хэцүү болгож байна.

    Удахгүй хорь ч хүрэхгүй хоногийн дараа болох энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаан энэ асуудлаас болж бужигнаан, хэрүүл талцалтай болж магадгүй болчихлоо. Ер нь манай бөхчүүд, бөхийн холбоо сүүлийн 20 жил тувт л хэрүүл тэмцэлтэй явж ирлээ. Бөхийн холбоо, Бөхийн өргөөгөө булаалдсан хэрүүл одоо ч дуусаагүй л байна. Түүн дээр энэхүү допингийн асуудал нэмэгдээд олон жил болж байна.

    Шийдвэр бол шийдвэр түүндээ тууштай байх ёстой гэх үндэслэлээр бол Бөхийн холбоо дээрх бөхчүүдийн барилдах эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн нь буруу. Мөн нөгөө талдаа спорт бол залуу насны ажил болохын хувьд ид насан дээрээ санамсар болгоомжгүйгээс /санаатайгаар бус/ бэртэл гэмтэлдээ хэрэглэсэн эмнээсээ болж барилдах эрхээ хасуулсан залуусын хувьд хэцүү л байгаа.

    Ер нь бол үндэсний бөхөд сэргээшийн шинжилгээ хэрэгтэй эсэх тухайд ч бодох ёстой тухай асуудлыг хөндөх хүмүүс бий. Тэд Японы сумод сэргээшийн шинжилгээ хийдэггүй, манайх ч гэсэн тэгмээр юм гэлцэх. Тэгэхгүй болохоор сайн барилдаж байгаа бөхийг сэргээш хэрэглэсэн гэнэ лээ хэмээн санаатай, санамсаргүй нэр төрд нь халдах асуудал их гарах болсон. Гэтэл энэхүү асуудлыг шийдвэрлэх ёстой бөхийн холбоо нь байнгын сандал, суудлын хэрүүлтэйгээс бөх сонирхогчдоо цаашлаад нийгмийг ч хоёр талцуулаад байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ