• УИХ-ын гишүүн Н.Оюундарь Шаамар,Дулаанхаан сумын иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцууллаа

    2019-06-20

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь тойргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ач холбогдол, өөрчлөлтийн талаар танилцуулга хийж, иргэдийн саналыг амаар болон бичгээр авч байна. Тэрбээр Дулаанхаан, Шаамар сумын 200 гаруй иргэд сонгогчидтой уулзаж, хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулга хийв. Уулзалтанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар болон иргэд хөдөлмөрчид оролцоо. Дулаанхаан тосгон, Шаамар сумын иргэд хуулийн төсөлд хил нутгийн хязгаарын талаар тусгах саналтай байгаагаа хэлсэн.

    Маргаантай асуудал их гарч байна. Ногоо тарьж амьдрах ч газаргүй, өөр ажлын байргүй байгааг онцолсон юм. Ажлын хэсэгт ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цээпилдорж иргэдийн газар нутгийн маргаантай асуултад “Хилийн цэсний маргаан их байдаг. Өмнөх хуульд аймаг, нийслэл, сум, баг гэж явдаг байсан бол одоо тосгон гэсэн статус нэмэгдэж орж ирсэн. Төсөлд ийнхүү тосгон гэж туссанаар олон талын илүү давуу эрхтэй болж байна” гэж хариулсан юм.

    Шаамар, Дулаанхааны иргэдийн хувьд хуралд маш идэвхтэй оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар асууж, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Иргэд Үндсэн хуульд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан  Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нутгийн удирдлагын тухай хуульд хэрхэн өөрчлөлт орохыг асууж тодруулсан.

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Хуулийн төсөлд өөрчлөлт хийх үндэслэл нь нийгэм шударга ёсыг нэхэмжилж байна. Байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх шаардлага бий болсон.Сүүлийн дөрвөн парламент Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах гэж  үзсэн. Мөн УИХ-ын гишүүдийг сахилга хариуцлагажуулах үүднээс хянан шалгах хороотой болно.Энэ удаагийн парламентад МАН 65 суудал авсан. Үүнээс 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. Одоо хуулийн төслийг хэлэлцэх шатанд засч залруулаад явах боломжтой. Үндсэн хуульд 20 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Засгийн газартай холбоотой 4-5, Ерөнхийлөгч, шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтүүд орсон. Та нарын хамгийн их сонирхож байгаа орон нутгийн засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны талаар мөн өөрчлөлт орсон. Гишүүд хэлэлцүүлгийн төвшинд гурван удаа асуулт асуух эрхтэй байсан. Миний хувьд хүний эрх, шүүх засаглал, Ерөнхийлөгчийн талаар саналаа хэлж, асуулт асуусан. Гэхдээ гишүүдийн саналаас илүү иргэдийн санал нэмэлт, өөрчлөлтөд чухал байна” гэв.

    Дулаанхаан Чинбаа: Сүүлийн үед хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нэрээр буруудуулах нь их байна. Амьдралд тохирсон хууль батлахгүй байна. Тосгоны малчид мал маллах нөхцөл боломжийг яримаар байна. Одоо мал маллахад их хэцүү болж байна. Малгүй бол бид яах билээ. Хаана нь ногоогоо тарьж, малаа хаана хариулах вэ гээд асуудал их байна.

    Дулаанхааны иргэн Бадарч:Газрын хэвлий дэх баялаг нь төрийн өмч болно гэсэн заалтыг дэмжихгүй байна. Тухайн сонгогдсон төр нь мэдээд явах болж байна уу?

    Дулаанхааны иргэн Цэрэндолгор:Төрийн өндөр албан тушаалтнуудын ажлын үүрэг давхардах шинжтэй байсныг шатлалтай болгосныг зөв гэж харж байна. Хуулийн төслийн ажлын хэсэгт олон эрдэмтэд оролцсон нь сайн хэрэг гэж харж байгаа. УИХ-ын гишүүнийг огцруулах ёстой гэдгийг иргэн хүний хувьд дэмждэггүй. Хамгийн гол нь төр тогтвортой байх ёстой. Манай тосгоны хувьд иргэдэд олгох газар байдаггүй. Бэлчээрийн зохицуулалтыг тусгаж өгмөөр байна.

    Дулаанхааны иргэн Өлзийбаяр:УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах иргэдийн санал яагаад хуульд тусахгүй байна вэ. Мөн байгалийн баялаг төрийн мэдэлд очино гэснийг дэмжихгүй. Төрд байгаа хүмүүс ийм ёс суртахуунгүй байхад тэдний мэдэлд байгалийн баялгийг өгч болохгүй. Ерөнхийлөгчийн насыг 55 гэснийг дэмжихгүй. Монголчууд 40 хүрсэн эр, дөрөө жийсэн ат гэж үг бий.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ