• Монгол тахийн сүрэг өнөөдөр дөрвөөр нэмэгдэж байна

    2019-06-19

    Чех улсаас өнөөдөр манай улсад тахийн дөрвөн гүү газардаж байна.

    Тодруулбал, тахийн дөрвөн гүүг Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тус улсын цэргийн агаарын хөлгөөр Монголд тээвэрлэн ирж байна. Энэ нь тахийн ес дэх удаагийн тээвэрлэлт болж байгаа юм. Нэн ховордож байгаа Пржевальскийн адууг болон амьтны төрлийг хамгаалах салбар дахь Чех болон Монголын экспертүүдийн хамтын ажиллагааны ачаар жил бүр дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн тоо өсөж байна. Монгол Улс руу Европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жилийн тээвэрлэлттэй нийт 35 адууг сэргээн нутагшуулаад байна.

    Прагийн амьтны хүрээлэнгээс мөн Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад бартаат зам туулах чадвартай тээврийн шинэ хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгөх юм. Энэ жилийн тахийн тээвэрлэлт эхлэхээс өмнө Прагийн амьтны хүрээлэн “Монголоос илгээх ил захидал” гэсэн санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулсан байна. Энэ нь Чехийн иргэдийн анхаарлыг их татжээ.

    Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээсэн бөгөөд аянаас орсон орлого нь Монгол Улсад нэн ховордоод буйгаа бусад амьтад болох мазаалай, бөхөн болон хавтгай зэргийг хамгаалах санд орох юм. Нэг ёсондоо тахийн ес дэх удаагийн тээвэрлэлтэд Прагийн амьтны хүрээлэнд зочилж буй нийт зочдын санхүүгийн хувь нэмэр ийнхүү шингэн багтаж байна гэсэн үг.

    Өнөөдөр ирж буй тахийн дөрвөн гүүг Говийн Их дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай Б газарт нутагшуулна. Энд одоо тахийн сүрэг 230 гаруй болоод байна. Одоогийн байдлаар, манай улсад Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газар тахийн сүрэг 60 унагаар бүл нэмж, нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. Тухайлбал, Говь- Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд тахийн тоо толгой өсөж байна.

    Б.БИЛГҮҮН

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ