• Төрийнхөн тендер зарлана гэж яаж “гурилддаг”-ийг шар хайсны явдлаас  харж авлаа

    2019-06-18

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд хотын төвийн зам дагуу байрлуулсан шар хайс хугарч унан, 700 гаруй сая төгрөг салхитай хамт хийссэн хэрэг гараад байгаа.  700 сая төгрөг үнэгүйдээд байгаа энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Нийслэлийн өмнөх Засаг дарга С.Батболын “Эрх шилжүүлэх тухай”  2018 оны А1041  захирамж гарч, уг ажлыг гүйцэтгэхийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд шилжүүлсэн байдаг.

    Захирамжийн  дагуу Нийслэлийн захирагчийн ажлын албан дээр үнэлгээний хороо байгуулагдаж “Төрийн болон орон нутгийн   өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах” тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлах  ажлыг зохион байгуулжээ. Уг сонгон шалгаруулалтад  Өмнөговь аймгийн  “Даян Байгаль” гэх компани оролцон, шалгарч уг ажлыг гүйцэтгэсэн байдаг. 45 хоногийн хугацаанд зарласан  нээлттэй тендер сонгон шалгаруулах ажилд ганцхан компани оролцсон нь  энэ компани.

    Яагаад ганцхан компани тендерт оролцов, тендерийн зарыг хэр хүртээмжтэй хүргэсэн бэ гэдэг асуулт эндээс  гарч ирж байна.

    Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд:

    • 21.1.Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.
    • 21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэсэн байдаг.

    Тэгвэл албаныхан уг үйл ажиллагаатай холбоотой нээлттэй тендерийн зарыг ганцхан “Үндэсний шуудан” өдөр тутмын сонин болон тус сонины сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлжээ.  Эндээс нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын  зарыг  хүртээмжгүй  хүргэсэн нь харагдаж байна.

    Ажлын хэсгийнхэн нийтийн эзэмшлийн гудамж талбайд тавигдаж байгаа хайс, хашлага олон жилийн хугацаанд эдэлгээ даахгүй эвдрэх,  зэврэх, мөргөх төдийд эвдрэл гэмтэл үүсч байна гэх мэдээлэл гомдол, Тээврийн цагдаагийн газраас ирсэн саналын дагуу сайн чанарын хайс хашлага авах шаардлага үүссэн гэж үзэн худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ.

    Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижолт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас энэ талаар тодрууллаа.

    Тэрбээр  ”энэ сарын 15-нд улс орны хэмжээнд байгалийн онц ноцтой үзэгдэл боллоо. Хүчтэй салхи салхилсны улмаас мод хүртэл булгарч уналаа. Нийслэл хотод 24 метр секунд хүртэл хүрч  шуурсан. Хайс хашлагыг авто замтай бэхлэх ажлыг хийгээгүйн улмаас  унаж, хугарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга хэн, хаана алдаа гаргасныг тогтоож, хариуцлага тооцох, тэр хүн нь хохирлыг барагдуулах үүрэг чиглэлийг өгсөн. Ганц компани тендерт оролцоход шаардлага хангасан бол сонгон шалгаруулахгүй гэсэн юм хуульд байдаггүй” гэлээ.

    Түүний энэ тайлбараас хүчтэй салхинд мод хүртэл булгарч унаж байхад, шар хайс унах нь энгийн зүйл мэтээр ойлгогдож байна.

    Нөгөө талаар “Даян Байгаль” гэх компани шар хайсыг оруулж ирээд Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгөх ажлаа гүйцэтгэчихсэн. Харин суурилалтын ажлыг   “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гүйцэтгэхдээ авто замтай бэхлээгүй, ажлаа дутуу хийсэнтэй холбоотой гэж байна.

    Нэг үгээр хэлбэл, шар хайс чанарын хувьд  ямар ч асуудалгүй гэх байр суурийг илэрхийллээ.   Харин суурилалтын ажлыг  гүйцэтгэсэн   “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас “Танайх шар хайсыг авто замтай бэхлэх ажлаа дутуу гүйцэтгэсэн үү”  гэдэг асуултад  холбогдох хүнээс нь хариулт хайгаад олсонгүй.

    Ямартай ч албаныхны өнгөрсөн хугацаанд  өгсөн мэдээллээс харахад  нэг шөнийн хүчтэй салхины ая даалгүй хугарч унасан  шар  хайс чанарын хувьд асуудалгүй, бэхлэх ажлыг дутуу гүйцэтгэсэн байгууллага хариуцлага хүлээхээр ойлгогдож байна.

    Гэхдээ сэтгүүлч  би хардах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд магадгүй тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хэн нэгэн даргын хамаарал орсон  байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ч тендерийн зарыг  ганцхан хэвлэл мэдээллийн байгууллагаар хүргэсэн төдий болоод өнгөрсөн үү гэж хардахад хүрч байна.

    Өөрөөр хэлбэл,шар хайсны үйл явцаас харахад төрийн байгууллагынхан тендер зарлана гэж яаж “гурилддаг”-ийг мэдэж болохоор байна.

     

     

    gereg.mn

    Холбоотой мэдээ