Монголд болох Буддистуудын хуралд Далай лам ирэхгүй

Дэлхийн энх тайван, аюулгүй байдал болон шашин хоорондын харилцаанд онцгой нөлөө бүхий Азийн буддистуудын энх тайвны бага хурал нь Монголд зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Азийн буддын шашны 150 гаруй төлөөлөгч нар Улаанбаатар хотноо цуглаж, хуралдах юм.  Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы талаарх мэдээллийг хурлыг зохион байгуулагч Да лам Х.Бямбажаваар ахлуулсан хорооны гишүүд олон нийтэд өгч, хэвлэлийн бага хурал хийлээ.

Азийн буддистуудын энх тайвны бага хурал Монголд 6 дахь удаагаа болно

Азийн буддистуудын энх тайвны бага хурал нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн 10 гаруй орныг хамарсан, 14 үндэсний төвтэй олон улсын байгууллага юм.

1969 оны долдугаар сарын 14-ний өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 143 дугаар тогтоолоор хурлыг үүсгэн байгуулах шийдвэр гарч улмаар 1970 онд Монголд анх зохион байгуулагдаж байв.

Үүний дараа 1979, 1982, 1990, 1998 онуудад тус тус Монголд болсон байдаг байна.

Харин хамгийн сүүлд 2003 онд Лаос улсын Х хурлаас хойш дэлхий нийтийн нийгэм, эдийн засгийн байдлын улмаас  ээлжит хуралдааныг хуралдуулж чадахгүй байсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.Ийнхүү 16 жилийн дараа дахин Монголд Азийн 150 гаруй буддистууд чуулж,Ази тивийн энх тайван байдлыг цаашид хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх талаар хуралдах юм.

Бага хурлаар “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг өрнүүлж,  ирэх 50 жил баримтлах бодлогоо тодорхойлно

Бага хурлын үеэр “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд санаачлан Шинжлэх ухаан, технологийн академи, Монгол Улсын их сургууль хамтран,нийт оролцогчдын дунд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ тухай комиссын гишүүн М.Батаа:

Азийн буддистуудын энх тайвын бага хурлаар өнгөрсөн 50 жил ямар ажлыг хийж, дэлхийн болон бүс нутагт тулгамдаж буй асуудалд ямар хувь нэмэр оруулав, тухайн үедээ ямар бодлогын хүрээнд ажиллаж байсан, одоо ирэх 50 жилд ямар бодлогоор үйл ажиллагаа явуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг интернэтээр шууд дамжуулна.

Мөн бага хурлыг зохион байгуулагчдын зүгээс  “Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшид энэ удаагийн бага хуралд оролцох урилгыг хүргүүлсэн боловч Далай багш өөрөө ирэхгүй, түүнийг орлон элч төлөөлөгч нар энэ хуралд оролцоно” гэж мэдээллээ.

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ