• Г.Занданшатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд агуулга, санал нэг байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэж байгаа

    Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Энэхүү чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн  төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байгаа юм.

    Тус хуулийн төслийг  өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан юм. Тиймээс ийнхүү үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж байна.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ард нийтийн  санал асуулгаар орж, ард түмнээсээ асууж байж эцсийн шийдвэрээ гаргана гэж тооцож ШИНЭ намын гишүүд болох Л.Болд бид хоёр хэлэлцүүлэгт оролцоод сууж байна. Өөрсдийгөө сөрөг хүчин гэж үзэж байгаа Ардчилсан намын нөхөд картаа сугалаад алга болсон. Гэхдээ Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна лээ. Нийгмийн үзэл бодлыг нэгтгэх чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн долоо хоногт чуулганыг яаралтай завсарлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчтэй уулзаж зөвшилцөнө гээд УИХ-ын дарга та орсон. Төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдмэл байдалд хүрсэн үү.

    УИХ-ын дарга Г.Занданшатар:

    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл  10 жил, гурван парламент дамжиж  эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор бүтсэн хуулийн төсөл. Улстөрийн намууд , төрийн бус байгууллагууд эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, гурван парламентын бүтээл. Өнөөдөр өргөн бариад л хэлэлцэж байгаа болохоос биш олон хүний хөдөлмөр шингэсэн хуулийн төсөл.  “Би хийгээгүй юм  чинь чи болохгүй” гэсэн зарчмаар хандаж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал солилцсон. Агуулга, санал нэг байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэж ойлгож болно. Ардчилсан намын гишүүдийн хувьд улс төрийн тодорхой шалтгаанууд байдаг байх.

    Гэхдээ өөрсдөө өргөн барьж, дэмжиж явсан хуулийн төслөөс хойшоо ухраад суучхаагүй гэж бодож байна.Ардчилсан намынхан давхар дээлийг тайлъя гэж өчнөөн жил ярьсан. Одоо үүнээсээ ухарчхаагүй гэж бодож байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг засъя гэж зөндөө ярьсан. Мөн үүнээсээ зугтчихаагүй гэж бодож байна. Байгалийн баялгаа тэгш хүртээмжтэй болгох тогтолцоо руу оръё гэж АН-ынхан мөн зөндөө л ярьсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол үндэсний зөвшилцлөөр бий болсон төсөл. Тодорхой улс төрийн шалтгаанаа  зөвшилцлийн арга механизмаар шийдвэрлээд парламентад суудалтай улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ