• Андиа хувилгааны лагшин мэндэлсний 100 жилийн ойд зориулсан шашин,урлагийн цэнгүүн боллоо

    2019-06-17

    Номч хувилгаан Агваанчинравданзансамбуу буюу Андиа хувилгааны лагшин мэндэлсний 100 жилийн ойд зориулсан шашин,урлагийн цэнгүүн энэ сарын 6-нд Улаанбаатар хотод боллоо. Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн зөвлөл, “Андиа сан”-гаас  зохион байгуулсан шашин, урлагийн цэнгүүнд лам хуврагуудын төлөөлөл, уран бүтээлчид оролцон ном айлдаж, дуу хуурын ая эгшиг  өргөлөө.  Андиа гэгээнтэн одоогоос   100 жилийн тэртээ тэр үеийн Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошуу одоогийн  Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Хүрэн толгойн өвөр булаг хэмээх газар малчин ард Нацагшугарын гэр бүлд   мэндэлж, Цэрэндондов хэмээх нэр өгчээ. Хожим нь түүнийг 5 настай байхад нь бурхны  шашны алдарт төлөөлөгч Дилов хутагт Жамсранжав, Лашин хувилгаан нар Мило богдын хувилгааны хойт дүр мөн хэмээн тодруулж, Дээрхийн гэгээнд айлтгаж, Агваанчинравданзансамбуу хэмээх сахилын нэр хайрласан байна.Улмаар  эрдэм чадалтай, энх тунх байхыг бэлгэдэж тус бүр нэг нэг сольдив /ерөөл/ зохиож өгч, голын хүрээний Гэндүнпил  хийдэд ширээнд нь залж, бурхны номд шамдан суралцуулж,   адис хүртээдэг байжээ. Гэгээнтнийг төрөл төрөгсөд нь Дайдаа, нутаг усныхан, сүсэгтэн олон Андиа, Андиа агент, Андиа хувилгаан хэмээн хүндэлсээр ирсэн юм.

    “Дайдаагийн маань эрдэм чадал,  оюун ухаан,  ид шид нь ид  дэлгэрч байх үед Ардын хувьсгал ялж, их хэлмэгдүүлэлтийн хар дарсан он жилүүд улс орныг нөмөрч, Монгол орон даяар бурхан шашин, сүм хийдээ устгаж, эрдэм чадалтай мянга мянган лам хуврагууд их хэлмэгдүүлэлтэд ортсөнийг та бүхэн мэднэ. Дайдаа маань өөрийнхөө эрдэм чадал, оюун билэг, ур ухаан, төрөл төрөгсөд, нутгийн сүсэгтэн олныхоо нөмөр нөөлөг, хайр хүндэтгэлээр их хэлмэгдүүлэлтээс амьд сэрүүн үлдэж, сүсэгтэн олондоо ач, буянаа хүртээж сайн цагийг үзсэн  цөөхөн хэдэн хувилгаадын нэг нь билээ.

    Тэрээр 1939 цэрэгт татагдаж, Өмнөговь аймагт 5 жил цэргийн алба хааж, хожим нь сүү тосны тасгийн эрхлэгч, намын хэсгийн зохион байгуулагч, худалдаа бэлтгэлийн агент зэрэг төрийн албыг 40 гаруй жил нэр төртэй хашиж, нутгийн зон олноо  тэр үеийн амьжиргааны гол эх үүсвэр болсон гурил, будаа, даавуу даалимбаар дутаагаагүй юм. Энэ нь түүний нэр хүнд, нөлөө, нөмөр нөөлөгтэй шууд холбоотой байсаан.

    Дайдаагийн маань хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж  ахмад дайчин, бид ялав медаль, ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, хөдөлмөрийн хүндэт медль, Алтангадас одонгоор шагнаж,  худалдааны тэргүүний ажилтан, 5-р таван жилийн гавьшгайч болж, , аймаг, хурлын депутатаар сонгогдож байв.

    Тэрээр1996 оны яг энэ өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, түүний алтан шарилыг Отгонтэнгэр хайрханыхаа баруун урд суганд нутгийнхаа нөмөр нөөлөг болсон Их мянган уулынхаа өвөр энгэрт Номын буянт их цагаан суварганд хүндэтгэлтэйгээр залж мөнхөлсөн” хэмээн Шашин,урлагийн цэнгүүнийг нээж “Андиа сан”-гийн тэргүүн Ж.Дашдорж хэлсэн юм.

    Шашин, урлагийн цэнгүүнийг гэгээнтний мөнх бусыг үзүүлсэн өдөр зохион байгуулж, сүсэгтэн олныг цуглуулсан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд  Их Мянган уулын өвөрт байх их цагаан суваргыг төрөл төрөгсөд, нутгийн ахан дүүс  нь жил бүр зуны эхэн сарын энэ өдөр тахидаг ёслолтой давхцуулсан хэрэг байв.

    Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн зөвлөл, “Андиа сан”-гаас номч хувилгааны мэлмий гийсний 100 жилийн ойг  буян номын баяр, наадам болгон тэмдэглэхээр бэлтгэж байгаагийн эхлэл нь зургадугаар сарын 6-нд   болсон шашин, урлагийн цэнгүүн юм.

    Ойд бэлтгэх комисс төлөвлөгөө гарган ажиллаж,  “Андиа сан”-г үүсгэн  байгуулж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, теле нэвтрүүлэг хийх, суваргыг засаж сайжруулах, тохижуулах, том хэмжээний шашин номын баяр хийхээр бэлтгэж байна.

    Номч хувилгаан Агваанчинравданзансамбуу буюу Андиа хувилгааны лагшин мэндэлсний 100 жилийн ойн баяр наадмыг зуны дэлгэр цаг долдугаар сарын 31-нд Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг  Их мянган  уулын өвөрт зохион байгуулна. Ойг тэмдэглэх ажилд зориулж  нутгийн ард олны хүсэлтээр “Андиа сан”-гийн нэр дээр Төрийн банкны 103 200 672 210 тоот данс нээсэн бөгөөд уг дансаар нутгийн ард олон,сүсэгтнүүд хандив өгөх боломжтой юм.

     

    Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Түмэнбаатарын Бүдээхүү 

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ