• Улстөрийн тойм:Үндсэн хууль хөдөлж,АН хөдөлж,О.Баасанхүү л харин байрандаа үлдэв

    2019-06-14

    Монголчуудын хувьд аанай л улстөржсөн,улстөрчдөөсөө ямар нэг эерэг сайхан зүйл хүсэн хүлээсэн, мэдээж тус тусынхаа ажил,хөдөлмөр, хичээл, сургуульдаа шамдсан нэгэн долоо хоног улирч байна.Өнгөрч буй долоо хоногийн сүүлээр Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн нь хамгийн гол улстөрийн онцлох үйл явдал байв. Уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед МАН-ын хоёр гишүүн буюу Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн нар эсэргүүцэж, анхнаасаа гарын үсэг зураагүй аж. Тэд МАН-ын гишүүдээ АН-ын Ерөнхийлөгч байх үед Ерөнхийлөгчийн засаглал руу гулсах өөрчлөлтийг хийх гэлээ хэмээн эсэргүүцжээ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгох заалтыг тэгэж тайлбарласан байна.

    Гэвч уг заалтыг МАН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан бэлэг гэж үзэх хэцүү бөгөөд Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгох заалт нь 2025 оноос хэрэгжихээр төсөлд тусгажээ. Click To Tweet

    Мөн Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгад албан ёсоор танилцуулаагүй гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас хандсан ч аль дээр танилцуулсан  гэсэн юм. Юутай ч удаан жилийн зузаан түүхтэй Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхэллээ. Энэ бол хэрүүл, талцалтай Монголын улстөрийн яах аргагүй том амжилт юм.

    Өнгөрч буй долоо хоногийн улстөрийн өөр нэг онцлох явдал бол АН-ынхан ээлж дараагаараа Хууль зүй,Эрүүл мэндийн сайдууд болон Хотын даргын эсрэг ажиллагаа хийсэн явдал байв. Сөрөг хүчин байж хуваагдаж, талцаж, хэрэлдсээр явтал нэг мэдэхэд сонгууль хаяанд ирснийг мэдсэн АН-ынхны энэ богино зайн улстөр тэднийг сайхан харагдуулах гэхээсээ эсрэгээр муухай харагдуулж байгаа нь үнэн. Сөрөг хүчин гэдэг эрх баригчдын бодлогыг шүүмжилдэг болохоос гэнэт гарч ирээд эрх баригчдын хэлсэн үгэн дээр галзуу,согтуу мэт аашлахыг хэлэхгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс үзвэл АН-ынхан салбар бүрээр нэг нэг сайдыг амлаж авсан гэх бөгөөд хэрвээ нам нь 2020 оны сонгуульд ялбал улстөр сайн хийгээд салбарынхаа сайд, дарга болоорой гэжээ. Click To Tweet Энэ богино зайн бодолтой АН-ын улстөржилтийг ямар ч байсан хэрүүл,талцлаасаа жаахан давж сэтгэлээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, бие биеэ муухай харагдуулах гэж суусан хүмүүс бусдыг муухай харагдуулахаар хичээж байгаа нь нэг талаар АН-ынхан “хөдөлж” буй хэрэг юм.

    Өнгөрч буй долоо хоногийн бас нэг онцлох улстөрийн явдал бол МАХН-аас сонгогдон УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Баасанхүү АН-ын зөвлөлд орж ажиллахаар болсон явдал юм. Түүнийг хэвлэлүүд “улстөрийн ганцаардлаас гарлаа” гэж мэдэгдсэн бол өөрөө “Би АН-д элсээгүй” гэж мэдэгдэв. Гэхдээ О.Баасанхүү өнгөрсөн хугацаанд яг ч бас ганцаардаад яваад байгаагүй. Улстөрд МАНАН-гийнхан ба анти МАНАН-нгийнхан гэх тэмцэл өрнөхөд О.Баасанхүү үргэлж МАНАН-гийн талд дуугарч ирсэн бөгөөд ямартаа л түүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хурцын машины хонины хонхорт явдаг” гэж хэлж байсан билээ.МАХН-аас сонгогдсон ч намын дарга Н.Энхбаяртайгаа таарахгүй явсаар өдий хүрсэн О.Баасанхүү ингэж нэг бүлэглэлийн талд дуугарч явсаар энэ долоо хоногт түүнийгээ бүр баталгаажуулав.Энэ бүхнээс харахад О.Баасанхүү байрнаасаа хөдөлж,АН-ын зөвлөлд нэгдсэн хэрэг биш, харин ч АН-ын зөвлөлийн дарга нар буюу МАНАН-гийнхан гэгддэг С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нартай ил цагаан ойртон нягтарч, байрандаа бат суусан хэрэг юм.

    WWW.GEREG.MN САЙТЫН ТОЙМЧ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ