• Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга “хууль бус олборлолтыг хориглох тухай” гэх  хачирхалтай захирамж гаргажээ

    2019-06-14

    Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир нэгэн хачирхалтай захирамжийг энэ   сарын 10-ны өдөр гаргажээ. Тэр нь тус сумын Бөөрөлжүүт багийн  нутаг дэвсгэрт байрлах Хүрмэн чулууны орд газраас хууль бусаар олборлолт, тээвэрлэлт хийхийг хориглох тухай захирамж. Хачирхалтай гэдгийн учир нь угаасаа л хууль бус олборлолт, тээвэрлэлт бол хууль бус л гэсэн үг. Засаг даргын захирамжийн цаад агуулгыг уншвал орон нутагт нь хүмүүс уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийг хууль бусаар хийгээд байгааг Засаг дарга харсаар байжээ. Гэтэл  өнгөрсөн гуравугаар сард  Мэргэжлийн хяналтын шалгалт очиж, шалгаад, улмаар үйл ажиллагааг зогсоох тухай акт үйлджээ. Энэ дагуу Засаг дарга хууль бус үйл ажиллагааг хориглох тухай захирамж гаргасан гэнэ.

    Хамгийн гол нь Бөөрөлжүүтийн орд газраас хууль бусаар олборлолт хийхийг таслан зогсоох МХГ-ын дүгнэлт бүр 2013 онд анх тавигдаж, дараа нь 2016 онд мөн албан шаардлага, зөвлөмж гарч байжээ.

    Хамгийн сүүлд хийсэн МХГ-ын шалгалтаар  хүрмэн чулууны орд газраас орон нутгийн иргэд хууль бусаар олборлолт явуулдаг, түүнд хяналт тавьдаггүй, олборлолт явуулсны улмаас эвдэгдсэн 9 га талбайд нөхөн сэргээлт хийлгээгүй, мөн өндөр эгц хана үүссэн, баруун захын карьерт саравч бий болж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдалтай зэрэг алдаа дутагдал гарчээ.

    Хүрмэн чулуу нь барилгын материал болох блокны гол түүхий эд аж.

    Ямартай ч угаасаа хууль бус олборлолтыг зогсоож, хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй байж “хууль бус”-ыг зогсоох сумын Засаг даргын захирамж хачирхалтай байгаа юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ