• Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.7 хувийн саналаар дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ. Уг хуулийн төслийг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. 

    Хуралдааны үеэр зарим гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэе. 

    Ж.Батзандан: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд реформын шинжтэй хэдэн хэдэн заалт орсон байна. Тухайлбал, сум, дүүргийн Засаг даргыг иргэд шууд сонгодог болох тухай заалт. Гэхдээ зарим болгоомжлох зүйл бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн 50 хувиас илүү нь уул уурхайн нэг компанийн ажилчид. Тэгэхээр энэ сумыг Засаг дарга хаанаас сонгогдох нь тодорхой болно. Тиймээс энэ заалтыг нухацтай хэлэлцэх шаардлагатай байна.

    О.Содбилэг: -Ажлын хэсэгт орж ажиллаад тодорхой саналууд гаргасан боловч хуулийн төсөлд ороогүй байна. Тухайлбал, УИХ-ын ээлжит чуулган ажлын 75 өдөр чуулна гэсэн заалтыг бүр илүү тодорхой болгох хэрэгтэй. Хаврын чуулган жил бүрийн гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын өдөр эхэлдэг. Намрын чуулган долдугаар сарын 29 буюу анхны ардчилсан сонгууль явуулсан өдөр эхэлдэг болох гэх мэт саналууд гаргасан.

    Мөн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн нь УИХ-ын гишүүн байх ёстой. Ингэж байж Засгийн газар илүү хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, ард түмнээс мандат авсан хүн Ерөнхий сайдаар ажиллах ёстой.

    УИХ-ын бүрэн эрхийн хугацааны тухайд таван жил болгох нь зүйтэй. Дөрвөн жил бол бодлогоо хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцдэггүй. Гэхдээ ийм заалт орууллаа гэхэд одоогийн УИХ-д үйлчлэхээргүй байдлаар оруулах нь зөв.

    М.Энхболд: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаа парламент дотроо эвлэж, ойлголцсон түвшинд хэлэлцээд явах болов уу. Жишээлбэл, Дэгийн тухай хуультай холбоотой асуудалд зарим гишүүд санал гаргаж байна. Энэ асуудлыг бас нэг талдаа гарах, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэж зарим гишүүд хэлж байгаа нь үнэний ортой. Парламентын түвшинд нэгдмэл байр суурьтай байх нь цаашид гарах сөрөг зүйлсийг арилгах юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа бөгөөд бид өнөөдөр асуудлыг хэлэлцэж байгаа нь үр дүнд хүрч байгаагийн илрэл юм. 2016 онд байгуулагдсан энэ парламентад олгогдсон даалгавар бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Бид амласан, амлалтаа биелүүлэх, даалгавараа биелүүлэх ёстой, биелүүлэхийн тулд парламент дотроо нэгдмэл байх ёстой юм. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг, дэд хэсэг, санаачилсан УИХ-ын гишүүд, өмнөх парламентад байсан гишүүдэд талархал илэрхийлэх ёстой. Ялангуяа 2012-2016 оны хооронд ажилласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг маш сайн ажилласан гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ