• Л.Оюун-Эрдэнэ: Төрийн захиргааны байгууллагын нэгдмэл байх зарчмыг алдагдуулж байгаа юм бишүү

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. 

    УИХ-ын гишүүн О.Содбилэг “Өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байна. УИХ-ын үйл ажиллагааг илүү хариуцлагатай тодорхой болгохын тулд 75-аас доошгүй ажлын өдөр ажиллана гэдэг саналаа би өгсөн. Мөн УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үед хэлэлцэж байсан асуудлуудаа зогсоогоод ээлжит бус чуулган болж, ЗГ-ын асуудлаа хэлэлцээд ээлжит чуулганы асуудал хөндөгдөхгүй үргэлжлээд явна. Энэ нь УИХ хариуцсан ажлаа хийж байх ёстой гэх мэтчилэн саналаа бичгээр өгсөн. Гэтэл өгсөн саналууд ороогүй байна. Ажлын хэсэгт орж ажилласны үр дүн гарсангүй. Мөн Орхон аймгийг Эрдэнэт хот болгох асуудлыг оруулсан гэж байна. Төсөл дээр нэр зааж оруулсан юм харагдахгүй байна” гэв.

    Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “О.Содбилэг гишүүн чухал чухал санал гаргасан. УИХ-ын гишүүнийг 5 жилийн хугацаагаар сонгох, бүлгийн хуралдааны гишүүдийн дийлэнх нь ирсэн тохиолдолд санал дэмжигдэх, Ерөнхий сайдад нэр дэвших хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байх гэх мэтчилэн олон санал ирсэн. Энэ болгоныг ажлын хоёр дэд хэсэг хамтарч үзээд, том ажлын хэсэг рүү оруулах бололцоо муутай байна гэж үзсэн” гэлээ.

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг сонгохоор цикл нь явж байгаад УИХ-тай нэг жил нэг сонгууль болж таарах нь. Энийг яаж зохицуулах юм бэ. Мөн Үндсэн хуулийн нэг зарчим Төрийн захиргааны хувьд нэгдмэл байна гэж байгаа. ИТХ-аас сонгогдсон Нийслэлийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон дүүргийн Засаг даргатай хамтарч ажиллах болох нь. ИТХ-аас сонгогдсон аймгийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон сумын даргатай хамтарч ажиллах болох нь. Энэ Төрийн захиргааны байгууллагын нэгдмэл байх зарчмыг алдагдуулж байгаа юм бишүү. Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай оронд хэрэглэж байгаа зарчмыг тасдаад хэрэглэж байгаа юм бишүү. Үндсэн хуулийн цэцээс улстөрч хүнийг холдуулж байгаа юм байна. Энэ бол зөв” гэв.

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчийн сонгууль, парламентын сонгууль 2 хэзээ ч  давхцахгүй” гэв.

    Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ