• Н.Учрал нөхөн сонгууль явуулахгүй бол Хэнтийчүүдийг би төлөөлье гэв

    УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт болох ёстой нөхөн сонгуультай холбоотой Цэцийн 02 дугаар дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, Засгийн газрын нөөц сангаас шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх хүлээж авсангүй.

    Цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.

    Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэллээ.

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Цэцийн тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэдгээ би хэлж байгаа. Ээлжит болон нөхөн сонгуулиа ялгадаггүй цэцийн  гишүүд байгааг гайхаж байна. Улсын төсвийн бүрэлдэхүүн Засгийн газрын нөөц сан ордгийг мэддэггүйг нь гайхаж байна. Улстөрийн захиалгатай шийдвэр гарсан нь ойлгомжтой. Иргэдийн эрхийн эсрэг шийдвэр гаргачхаад ичих ч үгүй индэр дээрээс уншиж байгаа Цэцийн гишүүнийг хараад  би гайхаж байна. Цэцийн гишүүний гаргасан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж тэд хариулт өгөхгүй хуулийн зохицуулалт хийснийг нь мөн гайхаж байна. Иргэний эрхийн эсрэг шийдвэр гаргасан цэцийн гишүүдэд хариуцлага тооцдог хуулийн тогтолцоо байхгүйд би гайхаж байна. Хууль эрхзүйн орчныг нь бид нээх ёстой. 42 дугаар тойрог энд төлөөлөлгүйгээс болж нийгэм, эдийн засгийн өч төчнөөн боломжуудыг алдсан. Энэ бол зөвхөн хэдэн төгрөгөөр үнэлэгдэх асуудал биш. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийнхаа эсрэг, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан бол бид хуульд нь өөрчлөлт оруулж  буруу шийдвэр гаргахад хурлыг даргалсан Цэцийн даргыг огцруулдаг байх хуулийг бид гаргах болсон.Үүнд АН-ын зөвлөл ярилцаж байгаад оруулж ирнэ. Цэцийн нэг ч гишүүн чуулганы хуралдаан дээр хариулт өгөхгүй, хоосон бухимдаад л бид өнгөрч байна. Мансуурсан Цэцтэй байсны ч хэрэггүй”.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэцэд гаргасан өргөдөл бүрээр маргаан үүсгэнэ гэсэн хууль байхгүй. Харин Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэнэ. Д.Гантулгыг  гишүүнээсээ чөлөөлөгдсөн  өргөдөлдөө бэлгийн ажлынхаа тухай бичсэнгүй гэж хэлээд түүнийгээ нотолсон шүүхийн шийдвэрийг наасангүй гэж Цэцэд хандсан иргэний гомдлыг Цэц зөв байна гэж яагаад маргаан үүсгэсэн юм бэ. Монголын төрийг доромжилж байгаа юм биш үү. Хуульд томилсон байгууллага нь буцаан татах эрхтэй. Тийм учраас УИХ-ын дарга  хэрэв шударга ёсны зарчим ярьж байгаа бол яаралтай УИХ-аас Цэцэд томилсон хүмүүсээ буцаан татахгүй юм уу. Маш ноцтой. Ардчиллын үндсэн зарчимд ард түмэн засаглалын барина гэдэг. Сонгуулиар засаглалаа байгуулдаг гэсэн үг. Засаглалаа байгуулах энэ эрхэд халдаж байгаа нь гэмт хэрэг биш юм уу. Хоёрдугаарт,  хуулийн зөрчил, Үндсэн хуулийн зөрчил хоёр өөр”.

    УИХ-ын гишүүн Н.Учрал “Цэцийн шийдвэрийг дэмжихгүй. Харамсаж байна. Төлөөллийн зарчим алдагдлаа. Хэнтийн 42 дугаар тойргийн Өндөрхааны хүүхэд би. Өнгөрсөн хугацаанд төлөөллийн зарчим алдагдсанаас асар олон зүйл орхигдсон. Би Өндөрхаан аймгийн төвд олон ажиллаж байсан, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Уулзах бүрт залуучууд УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэж хэлж байна.Нөхөн сонгуулийг маргааш ч хийж болно. Маргааш хийчих, Хэнтийчүүд хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Сурталчилгаагаар яах юм бэ.Хэнтийчүүд өөрсдөөсөө ч хэдэн төгрөг гаргаад сонгуулиа хийж чадна. Сонгуулийг яаралтай хиймээр байна. Хэнтийчүүд  төлөөлөлтэй болгож өгөөч гэж үргэлж надад хэлсээр ирсэн. нөхөн сонгууль хийх арга замыг Хууль зүйн байнгын хороо хийх  хэрэгтэй. Хэнтийчүүдийг төлөөлөлтэй болгож өгөхгүй юм бол үлдсэн хугацаанд би давхар Хэнтийчүүдийг  УИХ-д төлөөлье”.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Нэр дэвшилт дундаа явж байхад Цэцийн дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэлт хүндэрч байгаа. Бид хүлээж авахгүй гэдэг шийдвэрээ өнөөдөр гаргах байх. Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэцийн Их суудлын хуралдаан болно. Энэ мэт цаг хугацааны зохицуулалтад нь Хуульзүйн байнгын хорооноос  эргэж харж зохицуулах хэрэгтэй”.

    УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “ҮХЦ Хэнтий аймгийн төлөөлөлгүй тойргийг бусад нь төлөөлчихнө биз гээд яриад байгаа юм. Төсөв батлагдахаар хэн ч хариуцахгүй үлдэж байгааг ҮХЦ зөвшөөрөхгүй байгаа юм. УИХ-ын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна гэсний дагуу УИХ шийдвэрээ гаргасан. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэр захиалгатай зүйл гэдгийг хэлье” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ