• Монголын ноолуурын үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй болгоход дэлхийн брэндүүд анхаарна

    Монгол улсын стратегийн  бүтээгдэхүүн болох ноос, ноолуурын үйлдвэрлэлийг  байгаль орчинд ээлтэй  болгох нь зөвхөн Монголын хөнгөн аж үйлдвэрийн салбарын хувьд бус дэлхийн хэмжээний асуудал болсныг өнөөдөр болсон хэлэлцүүлгээс харав.  Монголын  ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой замд  хөтлөх зорилготойгоор өнөөдөр төрийн болон төрийн бус, олон улсын  байгууллагууд, бизнес эрхлэгчид, олон улсын брэнд,НҮБ-ын төлөөлөгчид  өнөөдөр нэгэн дээвэр дор цуглаж, асуудлын гарцыг олохоор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

    Монгол улс дэлхийн ноолуурын хэрэглээний 40 хувийг дангаараа бэлтгэдэг бөгөөд Япон,Герман,Италийн технологийн шийдлүүдийг ашигладаг.

    Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны дэд  сайд Ж.Сауле, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурийн төлөөлөгч Биата Транкман нар нээж үг хэлэв.  Нээлтийн дараа хурал зохион байгуулагч “Монгол ноолууран бүтээгдэхүүнтэй хүн байвал гараа өргөнө үү” гэхэд танхимд цугларсан гадаад,Монголын бүх зочид гараа өргөв.

    Харин  монгол ноолууран бүтээгдэхүүн   хэрэглэж байгаагүй хүн байвал гараа өргөнө үү? гэж асуухад хэн ч байсангүй. Үүнийг  уншиж байгаа Та ч мөн энэ хоёр асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Эл  хоёрхон асуултаар л Монголын ноолуур хэр алдартай болохыг хэлэлцүүлэгт оролцсон  хүмүүст ойлгуулсан юм.

    Uniqlo, H&M зэрэг дэлхийн брэндүүдийн ноолууран бүтээгдэхүүн харьцангуй хямд байдаг нь Монгол ямааны угаасан ноолуураар хийдэгтэй холбоотой аж . Хэлэлцүүлэгт  дэлхийн алдарт  Gucci, Yves Saint Laurent, Balenciaga, Alexander McQueen зэрэг брэндүүдийг эзэмшдэг KERING компанийн Тогтвортой нийлүүлэлтийн гинжин хэлхээний инновацийн хэлтсийн дарга хатагтай Хелен Кровли хүрэлцэн ирсэн байв.

    KERING компанийн Тогтвортой нийлүүлэлтийн гинжин хэлхээний инновацийн хэлтсийн дарга Хелен:

    Gucci, Yves Saint Laurent, Balenciaga, Alexander McQueen дэлхийн тэргүүлэх брэндүүдийн хувьд бүгд ноолуурыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Хэдий эрэлт хэрэгцээ нь өндөр боловч түүхий эд нийлүүлэлтийн явцад тогтвортой байдлыг хэр хангасан , бэлчээрийн газрыг тогтвортой ашигласан эсэх, байгаль орчинд ээлтэй хандсан эсэхэд онцгойлон  анхаарал  хандуулах болсон хэмээв.

    Тэгэхээр монголчууд бид ноолуураа дэлхийд гаргахын тулд олон улсын стандартад нийцэхүйц чанартай байлгахын сацуу   байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн чиглэлээр шат ахих шаардлагатай болж байна. Байгаль орчинд ээлтэй буюу тогтвортой ноолуур гэх ойлголтод  байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, эрчим хүч, ус хэмнэх, бэлчээрийн даацыг хэтрүүлэн газраа доройтуулахгүй байх зэрэг бүгд багтана.

    Монгол орны нийт мал аж ахуйн 50 орчим хувийг ямаан сүрэг дангаараа эзэлдэг нь  бэлчээрийн талхлагдлын гол шалтгаан болоод буй. Бэлчээрийн талхлагдал нь манай улсын хувьд цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйлд тооцогддог.

    Хэлэлцүүлэгт оролцсон  ХХААХҮЯ-ны төлөөлөл “Монгол орны  бэлчээрийн мал аж ахуй   байгалийн шууд нөлөөнд байдаг. Зарим жил зудтай, зарим жил ган гачигтай байдаг учраас мал сүрэг тааваараа байх, цаашлаад тогтвортой ноолууран түүхий эдтэй байх хэцүү. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалан   ямааны ноолууран түүхий эдийн чанар муу, хагтай  байх зэрэгт  нөлөөлдөг. Түүхий эдийн хувьд олон улсын стандартад нийцэхэд хэцүү, харин нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын чанарын стандартад нийцсэнээр үйлдвэрлэх бүрэн боломжтой” хэмээн тайлбарлав.

    Дэлхийн чанарын стандартад нийцсэн ноолуур гэдгийг илэрхийлэх, үнэ цэнийг өсгөх зорилгоор ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо хамтран “Хаан ширхэгт” нэртэй тэмдэгтийг гаргахаар бэлтгэж ажлаа хангаад байгаа гаа хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.

    Тогтвортой ноос ноолуурын  холбооны суурин төлөөлөгч Б.Батхишиг:

    Малчны хувьд  анхдагч бэлтгэл, нийлүүлэлт нь чанартай бөгөөд зөв дадалтай хийгдсэнээр тогтвортой ноолуур эхэлнэ.Малчдад зөв дадлыг бий болгосноор тогтвортой ноолуурын салбар эхэлнэ.

    Байгаль  орчинд ээлтэй мал аж ахуй эрхлэх,түүхий эдийг бэлтгэх гэсэн нэг л том сэдвийн хүрээнд 2002 оноос “Бэлчээрийн менежмент”, 2005 оноос “Ногоон Алт”, хамгийн сүүлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ногоон түүхий эд” гэх мэт төсөл,хөтөлбөрүүд хэрэгжиж, ажлууд хийгдсээр л байдаг. Харин тэдгээр төслүүдийн уялдаа холбоо болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа малчин, төр, төрийн бус болон олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулан, хамтдаа урагшлахыг хэлэлцүүлэгт оролцогчид ам нэгтэйгээр хэлж байсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ