• Х.Нямбаатарыг хууль зүйн, С.Бямбацогтыг төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжлээ

    ХЗБХ-ны өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Байнгын хороодын дарга нарын сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд бусад Байнгын хорооны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн болохыг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр танилцуулсан.

    Тэрбээр 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг дүүргэж, 2000 онд Орхон их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2002 онд Орхон их сургуульд боловсрол судлалын магистр, 2008 онд Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистр, 2012 онд Удирдлагын академид төрийн удирдлагын докторант, 2017 онд Хууль сахиулахын их сургуульд хууль зүйн ухааны докторантаар суралцаж тус тус төгссөн байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 

    Нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

    Мөн ТББХ-ны өчигдрийн хурлаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ.

    Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буй талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулсан юм.

    Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр,  2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ.

    Тэрбээр 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд “Нью Прогресс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд “Нью Прогресс” группын ерөнхийлөгчөөр ажиллажээ.

    Улмаар 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан.

    Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ