• Шанхай хотод Ерөнхий консулаар томилогдсон Ё.Нямжав БНХАУ-д сэтгүүл зүйн магистр хамгаалжээ

    2019-06-11

    БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газрыг нээн ажиллуулах тухай тогтоолыг УИХ-ын чуулганаар 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр баталжээ.

    Тус Консулын газрын  Ерөнхий консулаар Дипломат байгууллагуудын  үйлчилгээ, аж ахуйн эрхлэх газрын даргаар ажиллаж байсан  Ё.Нямжавыг томилох шийдвэрийг  сая  дөрөвдүгээр сард Засгийн газраас гаргажээ.Түүнийг томилох асуудлыг БНХАУ-ын талаас зөвшөөрсөн гэнэ.

    Ингэхэд Ё.Нямжав гэж хэн бэ?

    Тэрбээр Завхан  аймгийн харьяат. 2002 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөөд, дараа нь 2010 оны орчим БНХАУ-ын Нанжин  хотод сэтгүүл зүйн магистрын  зэрэг хамгаалжээ. Өнгөрсөн дөрвөн жилд буюу МАН сөрөг хүчин байхад МАН-ын Гадаад харилцааны  хэлтсийн даргаар нэг хэсэг ажилласан тэрбээр 2016 оны сонгуулийн дараа мөн л өндөр албан тушаалд томилогдсон. Тэр нь  Дипломат байгууллагуудын  үйлчилгээ,аж ахуйг эрхлэх газрын дарга. Уг газар нь гадаад орнуудын Элчин, консулын хангамж зэргийг хариуцдаг учраас эрх мэдэл өндөр тушаал. Харин одоо   эх орноо төлөөлөх консулаар томилогдож байна. Тэрбээр   2001 оны Монголын сайхан бүсгүйгээр тодорч байсан.

    Дэлхийн хамгийн их хүн амтай хотын нэгд тооцогддог Шанхай хот нь БНХАУ-ын төв Засгийн газарт шууд харьяалагддаг 4 хотын нэг. БНХАУ-д зорчиж буй гадаадын жуулчдын дийлэнх нь, мөн олон улсын үзэсгэлэн яармагт оролцох зорилгоор гадаадын олон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид Шанхай хотод зочилдог тул тус хотод гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байрлаж, өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, үзэсгэлэн яармагт оролцоход нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн судалгаа хийх, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хөгжүүлэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас Монгол Улс Шанхайд ерөнхий консулаа нээх шаардлагатай байжээ.

    Шанхай хот дахь Ерөнхий консулын газар  3 орон тоотой байх аж.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ