• Засгийн газрын ордноос Конгресс болох “Шангрила” зочид буудал хүрэх явган хүний замыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгон шинэчилнэ

    Монгол улсын хэмжээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжилд анхаарлаа хандуулсан олон улсын арга хэмжээг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна. Ирэх долдугаар сарын 2,3-ны өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази,Номхон далайн бүсийн дөрөвдүгээр Конгресс Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

    Конгрессын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар Хөдөлмөр,нийгмийн хамгааллын  сайдаар ахлуулсан Ази,Номхон далайн бүсийн дөрөвдүгээр Конгрессыг зохион байгуулах хорооны гишүүд болох бүх яамдын дэд сайдууд,Нийслэлийн Засаг дарга нар өнөөдөр хэлэлцэж, явцын талаар танилцууллаа.

    Энэхүү арга хэмжээг Монгол Улсын  Засгийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан хөгжүүлэх Ази,Номхон далайн бүсийн сүлжээтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

    Ази,Номхон далайн бүс нутгаас 34, мөн Австрали,Итали,Казахстан,Киргиз,ОХУ гэх мэт есөн орны  зочид,төлөөлөгчид оролцохоор тов нь гарчээ.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази,Номхон далайн бүсийн дөрөвдүгээр Конгрессыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эдийн засгийн хувьд чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх хандлага сайн туршлага,бүс нутгийн болон хамтын ажиллагаа,цаашдын чиг хандлага гэсэн 3 үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдана.

    Гадаадын 200, Монгол улсыг төлөөлж 400,нийт 600 зочид, төлөөлөгчид оролцоно. Нийт оролцогчдын 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх учраас хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Монгол болон гадаад хэл дээрх дохионы орчуулагчид, мөн сайн дурын ажилчид тусгай сургалтад хамрагдан Конгрессын үеэр ажиллах юм.

    Олон улсын байгууллагуудаас Конгресст оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зам дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг зохион байгуулагчдад зөвлөсөн байна.

    Энэ асуудлын хүрээнд эхний ээлжинд Засгийн газрын ордноос Конгресс болох “Шангрила” зочид буудал хүрэх явган хүний замыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгон шинэчлэх ажлуудаг хийх юм.

    Дөрөвдүгээр конгресс болох гэж байгааг угтан  10 байршил дээрх явган хүний 150 замыг налуу болгох, гэрлэн дохионд дуут дохиог суурилуулах,2967 метр.квадрат явган хүний замыг шинэчлэх, 50 ширхэг нийтийн автобусыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой болгон шинэчлэх, 111 900 метр замд хэвтээ тэмдэглэгээ хийх,гэрлэн дохионуудыг кноптой болгохоор төлөвлөсөн байна. Эдгээр ажлууд зургадугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн дууссан байх юм.

    Нийслэлийн хэмжээнд өмнө 2 ширхэг дуут гэрлэн дохио байсан бол энэ оны эхний улиралд таван ширхэгийг нэмж байршуулсан байна. Одоо харин үүн дээр дахин нэмэн байршуулах аж.

    Зөвхөн Конгресстой холбоотойгоор дэд бүтцийн асуудалд санаа тавьж, шинэчлэлтийн ажлыг хийж эхлэв үү? гэсэн сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амар-Сайхан:

    Зөвхөн Конгресст зориулаад асуудалд хандахаасаа илүүтэйгээр нийслэлд оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих, алхах, аюулгүй амьдрах орчин нөхцлийг хангахад анхаарлаа хандуулж байна.  Энэ ажлын хүрээнд нийтийн тээврээр зорчих боломжийг одоо байгаа автобуснуудыг тоноглон бий болгох, явган хүний замын хашлагыг налуу болгох, гэрлэн дохионы кноптой болгох гэх мэт ажлуудыг эхлээд явж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ