
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ч.Улаан,Н.Цагаанхүү нарыг шалгуулна
Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан мах боловсруулдаг үйлдвэрүүдийн төлөөлөл үржлийн бус бог малыг амьдаар нь экспортод гаргахыг эсэргүүцэж байгаагаа МҮХҮТ дээр хэвлэлийн бага хурал хийж илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь Монголын махны холбооны тэргүүнээр ажилладаг аж. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг сумаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэлх хувийг экспортлох тухай шийдвэр хэрэгжиж эхлээд байгаа нь мах үйлдвэрлэгч болон мах хэрэглэдэг хүмүүсийн сэтгэлийг зовоож байна” хэмээв. Өнөөдөр Монгол Улсад махны 50 гаруй үйлдвэр 10000 гауй ажлын байр бий болгож, хоногт 7000 гаруй бог мал төхөөрч боловсруулах хүчин чадалтай ажиллаж байгаа аж.
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тэргүүлдэг Монголын махны холбооноос ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдэв. Учир нь бог малыг амьдаар нь экспортлоход нэг компанид давуу эрх олгосны цаана албан тушаалтны хувийн эрх ашиг байгаа гэж үзсэн байна. Тэдний үзэж байгаагаар Монголоос амьдаар нь мал гаргах юм бол тэр Монгол малын удмын сан алдагдана, малаас гарах түүхий эдийг дотооддоо боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, мах үнэд орох зэрэг эрсдэл байгаа гэв.
Мөн зөвхөн махны үйлдвэрүүд бус арьс шир, өлөн, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа дампуурахад хүрнэ гэж үзжээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Энэ сард БНХАУ-д айлчлах үеэр бог малыг амьдаар нь экспортлох асуудал яригдаагүй
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мөн энэ асуудлаар өнөөдөр тайлбар хийв.
Тэрбээр, БНХАУ-д энэ сарын 3,4-ны өдрүүдэд айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр бог малыг амьдаар экспортлох тухай асуудал яригдаагүй. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тарианы гурил зэргийг экспортлох тухай асуудлыг ярьж хэлэлцсэн. Өмнөх Засгийн газрын үед мал амьдаар нь экспортод гаргах 318 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол хэрэгжиж байгаа. Гэхдээ үржлийн бус эр хонь, эр ямааг гаргах асуудлаар аймгийн удирдлагуудад даалгасан. Манай яам бодлогын дэмжлэг үзүүлж, орон нутагтай хамтарч ажиллах үүрэгтэй. Орон нутаг өөрсдийн эрхийн хүрээнд энэ асуудлыг шийдээд явна. Ер нь мэргэжлийн байгууллагууд хоорондоо тохирч чадвал тодорхой квот тогтоогоод амьд мал экспортод гаргах нь байж болох л асуудал. Бэлчээрийн даац, эдийн засгийн үр ашгаа бодох хэрэгтэй.
НЯГТАЛСАН БАРИМТ: Ж.Эрдэнэбат болон У.Хүрэлсүхийн Засгийн газруудын үед 2 тогтоол гарчээ
Бид дээрх хоёр байр сууринаас улбаалан холбогдох баримтыг хүргэж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бог малыг тусгаарлан,эрүүлжүүлэн,уурагжуулан тэжээж, улмаар экспортлох цогцолборын бүтээн байгуулалт хоёр жилийн өмнөөс эхэлжээ. Уг бүтээн байгуулалтын ажил өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед гаргасан тогтоолын дагуу эхэлсэн … Click To Tweet2017 оны есдүгээр сарын 27-нд Ж.Эрдэнэбатын Зас гийн газраас “Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбоотой авах зарим арга хэмжээний тухай” Зас гийн газрын 284 дүгээр тогтоол гарчээ. Click To Tweet
Уг тогтоол бүхэлдээ өнөөдөр Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй үржлийн бус бог малыг эрүүлжүүлэн,экспортод гаргах цогцолбор төслийг дэмжсэн заалттай.
ТОГТООЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ ЭНД.
Мөн “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн нэртэй Засгийн газрын 318 дугаар тогтоол 2017 оны арваннэгдүгээр 24-нд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараахан гарчээ. Энэ үед ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзориг ажиллаж байв.
Тогтоол 3 заалттай.
- Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй.
- Импортлогч улсын холбогдох яам, мэргэжлийн газруудтай мал экспортлох гэрээ, хэлцэл хийж, орон нутгийн байгууллагуудыг бодлого, зохицуулалтаар дэмжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт, шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг судалж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.
- Импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан мал эмнэлгийн хяналтын дор үзлэг, шинжилгээнд хамруулж, мал бордох үйлчилгээг үзүүлж экспортлох арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэжээ.
Тэгэхээр өнөөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүд хаяглагдаад байгаа асуудал нь өмнөх Засгийн газар болон өмнөх ХХААХҮ-ийн сайдын үед гарсан бодлогын хэрэгжилт аж. Нөгөө талаар Засгийн газрын тогтоолд дурдсанчлан Засгийн газраас өгсөн квотоор үржлийн бус,нядалгааны зориулалтаар бог малыг экспортлох нь малчдын орлогыг дэмжсэн, бэлчээрийн даац, эдийн засгийн үр өгөөжөө бодолцсон арга хэмжээ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.