Европын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар эрэлттэй байгаа аж

2019-06-11
Европын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр буюу энэ сарын 10-нд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзав.
“THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлаг энэ сарын 6-наас эхлэн Европын орнуудаар аялан тоглож буй бөгөөд  энэ сарын 11-нээс эхлэн ИБУИНХУ-ын Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглох юм.  Энэ үеэр нь Элчин сайд ийнхүү хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулахад Их Британийн нэр хүндтэй  хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүлжээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн Youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулсан байна.
Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй тус хамтлагийн тасалбар очсон газар бүртээ дуусч байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ