• Ц.Ганхүү:Бид жилд 400-500 шинэ сүрьеэ илрүүлж байгаа нь том амжилт гэж хэлнэ

    2019-06-10
    Монголын эмч, мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Ганхүүтэй сүрьеэ өвчний өнөөгийн байдал,тандалт судалгаа зэрэг асуудлаа ярилцлаа.

    МОНГОЛ УЛСАД СҮРЬЕЭГИЙН СОРЬЦ,ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛСЭН 

    -Сүрьеэгийн илрүүлэлт сайжирсан гэх юм. Энэ нь юу гэсэн үг вэ. Өмнө нь муу байсан гэсэн үг үү.  Яг ямар ажил, арга хэмжээний хүрээнд сайжирсан гэж дүгнээд байна вэ?

    -2000 оноос “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр  манай улсад сүрьеэгийн тандалт судалгаа хийх, илрүүлэх, оношлох эмчлэх чиглэлээр төсөл хэрэгжиж эхэлсэн.  Энэ сангийн  төсөв хөрөнгийг сүрьеэ, хумхаа, ХДХВ зэрэг өвчний өвчлөлийг устгахад зарцуулна гэж заасан байдаг. Манай улс 2001 оны үед анх  энэ сангийн  дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийг  улсын хэмжээнд хэрэгжүүлэх төслөө бичиж,  дэмжлэг авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ нь олон дэд төслөөс бүрдсэн том төсөл бөгөөд  эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хүн амын эрүүл мэнд төдийгүй нийгэм,эдийн засгийн ач холбогдлоо өгсөн гэж боддог.

    2008 оноос сүрьеэгийн сорьц тэвэрлэх тогтолцоог бий болгох,бэхжүүлэх чиглэлээр дэд төсөл хэрэгжиж байсныг үргэлжлүүлэн  2016 оны аравдугаар сараас  манай холбоо хүлээн авч үйл ажиллагаагаа 21 аймгийн 331  сумын хэмжээнд явуулж байна. Тэгэхдээ  зөвхөн  мэргэжлийн хүмүүст бус, засаг захиргааны нэгж, дунд болон анхан шатны удирдах албаны хүмүүст сүрьеэтэй тэмцэх дэлхий нийтийн болон Монгол Улсын хэмжээнд гарсан бодлого, чиглэл, сүрьеэ өвчин, түүнтэй хэрхэн тэмцэх, урьчилан сэргийлэх, илэрүүлэх, орон нутагтаа хэрхэн уялдуулан хэрэглэх талаарх сургалтуудыг бүх аймаг, сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн  дарга нарыг хамарч дуусаад, 2018 оны 11 сараас  эхлэн 6 аймгийн түвшинд  багийн Засаг дарга, багийн эмч нарт  хийгээд явж байна.  Эдгээр сургалтуудын үр дүнд орон нутгийн удирдах түвшинд сүрьеэгийн талаарх мэдлэг хандлага өөрчлөгдөж, зарим шаардлагатай зүйлээ орон нутгийнхаа түвшинд шийддэг болсон нь олзуурхууштай үр дүн юм.

    Мөн төслийн хүрээнд гарсан нэг гол үр дүн бол сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийн тогтолцоог Монгол Улсад бүрдүүлсэн бөгөөд цэрээ тогтмол зөөдөг сумын тоо 331 сумаас 36 байсан бол одоо жилдээ 90-95 хувь нь буюу 297-314 нь бүрэн зөөж, 10 хувь орчим нь хангалтгүй байна.  Сорьц, дээжээ хэрхэн шинжилгээнд авах,  яаж зөөж тээвэрлэх,  хадгалах, аюулгүй ажиллагаа гэх мэт шаардлагатай бүх л дүрэм журам сайдын тушаалаар гарчихсан. Багаас сум уруу, сумаас аймаг уруу, аймгаас нийслэл рүү буюу ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны лаборатори уруу зөөвөрлөгдөхдөө дээрх тушаал шийдвэрийг баримталж байна.  Эргэн мэдээлэх нь мөн яг энэ шатлалаараа явагддаг.

    Төслийн хүрээнд сорьц тээвэрлэлтийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн  хангагдсан.

    Сорьц тээвэрлэнэ гэдэг зүгээр нэг саванд цэр хийгээд зөөдөг асуудал биш юм л даа. Сорьц тээвэрлэлт хүйтэн хэлхээгээр явагддаг бөгөөд    зориулалтын тусгай савтай, тодорхой темпаратурт хадгалдаг учраас хөргөгчнөөс эхлээд шаардлагатай тоног,төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан.

    2008 онд  жижиг монелийн хөргөгч ашигладаг байсан, одоо тэр ажиллагаанаас гарч. Орон нутаг өөрсдөө асуудлаа шийддэг болсон. Энэ бүхэн тус өвчнийг илрүүлэхэд манай холбооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зөвхөн нэг хэсэг. Үүнээс гадна сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон  ТББ -д өөрсдийн чиглэлээр асар олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гээд бодоход сүрьеэтэй тэмцэх асуудал нь олон салбарын хамтын ажиллагаа шаардсан нүсэр, төвөгтэй асуудал юм.

    -Шат шатанд нь хүрч ажиллаж, тоног төхөөрөмжөөр  хангагдсаны үр дүнд  илрүүлэлт сайжирсан гэж ойлголоо?

    -Тэгэлгүй яахав.Манай холбооноос  сумдад мэдээлэл түгээж, тоног төхөөрөмжийн хангамж сайжирснаар  сорьц тээвэрлэлт эрс сайжирсан төдийгүй 2016 оноос өмнө нь жилд улсын хэмжээнд дунджаар 67-90 сүрьеэ илрүүлж байсан бол өнгөрсөн онд  489 сүрьеэ эрт илрүүлж эмчилгээнд хамаруулж, хавьтлыг үзлэг шинжилгээнд оруулсан нь олон хүнийг уг өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан.

    СҮРЬЕЭГ УСТГАХ ТӨРИЙН БОДЛОГО ТОДОРХОЙ,ГАГЦХҮҮ ОЛОН ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ДУТАГДАЛТАЙ САНАГДДАГ 

    -Сүрьеэтэй тэмцэх дэлхий нийтийн бодлого тодорхой гарчихсан. Манай улс бодлогоо зөв тодорхойлж чадсан уу?

    -Сүрьеэтэй тэмцэх дэлхийн бодлого тодорхой байгаа. 1990 оноос хойш шинээр дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн тоонд сүрьеэ ордог. Халдварт өвчнүүд нэг үе намжаад, нэг үе ихэсдэг нь тухайн өвчний үечлэлтэй холбоотой юм.Үүнтэй холбоотойгоор дэлхий нийт бодлого, чиглэл тодорхойлсон. Дэлхий дээр энэ өвчний улмаас олон хүн өвчилж, нас барж  байгаа учраас  сүүлийн 2,3 жилд энэ өвчний эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлсэн.

    2018 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж, Нью-Иоркийн тунхаглалыг гаргасан. Энэ тунхаглалд 2035 он гэхэд дэлхий нийт сүрьеэ өвчнийг устгах зорилтыг дэвшүүлсэн.

    2017 оны есдүгээр сард  Москвад сүрьеэгийн өвчлөл өндөртэй 37 орны Эрүүл мэндийн сайд нарын чуулган болсон.Энэ чуулганаас бас Москвагийн тунхаглал  гарсан. Эдгээр томоохон арга хэмжээнүүдэд манай улс биечлэн оролцсоны дараа хоёр ч  томоохон хурлыг эх орондоо зохион байгуулсан.

    Үүний нэг нь 2018 оны арваннэгдүгээр  сард Ерөнхий сайдын ивээл дор  “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” гэсэн сэдэвтэй дээд хэмжээний чуулган болсон. Нэрнээс нь бүх зүйл ойлгогдож  байгаа  байх гэж бодож байна.

    Сүрьеэг устгах асуудал нь өөрөө ганцхан эрүүл мэндийн асуудал биш. Хүн бүрийн оролцоо, төр хувийн хэвшил гээд олон талын хамтын ажиллагааны үр дүнд устаж үгүй болох юм гэдгийг дээрх  тунхаглалуудад тодорхойлсон” username=””] Манай улс “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан. Энэ хөтөлбөрийн нэг бүлэгт нь сүрьеэтэй тэмцэх чиглэлээр улс юу хийх, төрийн болон төрийн бус  байгууллагууд, бусад салбар нь юу хийх шаардлагатайг заагаад өгчихсөн байдаг. Их хурал, Засгийн газрын олон ч тогтоол шийдвэр байдаг. Сүрьеэг устгах бодлого тодорхой, гагцхүү олон талт хамтын ажиллагаа дутагдалтай санагддаг.

    -Саяхан ЕБС-ийн сурагчид  сүрьеэгийн халдвар авсан нь шуугиан тарьж, зарим хүн онцгойлон эрүүл мэндийн салбар руу дайрсан. Сүрьеэгийн халдвар зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдгийг тайлбарлаад өгөөч?

    Сүүлийн үед сүрьеэгийн халдвар нэмэгдлээ гээд зөвхөн эрүүл мэндийн салбар луу дайраад байна л даа. Гэтэл энэ өвчин өөрөө нийгмийн халдварт өвчин. Нийгмийн халдварт өвчнийг нийгэм тэр аяараа хөдөлж байж, хамтын хүчин чармайлт гаргаж байж, устгана гэсэн үг.  Яагаад нийгмийн гэж хэлсэн юм, яагаад зөвхөн эрүүл мэндийн салбарынх гэж хэлээгүй юм. Учир утгатай байгаа биз.

    Нийгэм хэдийчинээ эдийн засгийн хямралд орно, төдийчинээгээр сүрьеэ өвчний эрсдэл нь бий болж байдаг.

    Сүүлийн үеийн дэлхийн хэмжээнд гарч буй бодлогын баримт бичгүүд олон талт хамтын ажиллагаа, олон салбарын оролцоо гээд байгаагийн учир энэ байх.

    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ГЭДЭГ НЬ НИЙГЭМ ТЭР АЯАРАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ТОДОРХОЙ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ГЭСЭН ҮГ  

    -Сүрьеэг ядуурлын өвчин гээд байдаг шүү дээ?

    Сүрьеэг яг ч бас ядуурлын өвчин гэж хэлж болохгүй юм.Ерөнхийдөө нийгмийн асуудал ямар байна, түүнээс нөхцөлдөж байдаг. Нийгэм дампуу байгаад байвал баян, ядуу ялгаа байхгүй өвдөж болно. Одоо дандаа ядуучууд нь өвдөөд байгаа юм биш.

    Нэг л агаараар амьсгалж байгаа юм чинь хэн ч сүрьеэгээр өвдөж болно.

    Улс орны эдийн засаг муу байвал ажилгүйдэл тэр хэмжээгээр их байна. Ажилгүй иргэд ядуу  байна. Ядуу хүмүүс хамгийн наад зах нь шим тэжээлээ хоол хүнсээрээ авч чадахгүй шүү дээ. Орчны асуудал, хоол хүнсний аюулгүй байдал  манай улсад ямар байна вэ.

    Орчны эрүүл ахуй  зүлэг модноос эхлээд хангалтгүй байна. Зүлэг, мод тодорхой хэмжээнд хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг цэвэрлэж байдаг. Адгийн наад зах нь замаа бид зөв тавьж чадахгүй байна. Машины замтайгаа зэрэгцүүлээд зүлэг ногоо мод,тэгээд дугуйн зам, дараа нь  явган хүний зам тавигдах ёстой гэтэл манайд эсэргээрээ машин замаа дагаад  явган хүний зам- дугуйн зам- ногоон байгууламж  тэгээд ногоон байгууламж. Хамгийн сүүлд байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Их монгол гудамжны замыг та нар хараарай   Дээр үеийнх нь өнгөрсөн гэж бодоход сүүлийн үед тохижуулагдсан зам гэхэд л ийм.

    Орчны эрүүл ахуйн таагүй байдал нь хүмүүсийг стресстүүлэх хүчин зүйл болж байна. Стресстэнэ гэдэг нь дархлааны системд нөлөөлнө. Хүний дархлаа суларч, муудах бүрт сүрьеэ өвчин нөхцөлдөж байдаг.

    Дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн статистик бий. Хэдийгээр халдвар авсан ч  дархлаа л сайн бол тэр хүн насан туршдаа өвдөхгүй байх боломжтой.

    Дархлаа дарангуйлагдаад ирэх л юм бол халдвар нь өвчин болж хувирдаг. Гэтэл  эмнэлэг муу ажиллаж байгаагаас болоод энэ өвчнийг устгаж чадахгүй байна гэдэг асуудал олон нийтийн дунд яригдаж,эрүүл мэндийн салбарт өндөр албан тушаалтай байсан хүн хүртэл зориуд буруу мэдээлэл түгээж байгаа.  Нийгэм нь өөрөө стресстэй байвал мэдээж дархлааны систем унана. Хүний дархлаа ганцхан идэж уухаасаа болоод мууддаг зүйл биш. Орчны бохирдол, ялангуяа утаа хүний дархлааг маш ихээр унагаадаг. Тэгэхэд бид хоёр улирал шахуу утаагаар амьсгалж,зун нь тоосоор амьсгалдаг. Эмч нараас болоод  сүрьеэ өвчин гараад байна, буурахгүй байна гэж хэлж байгаа хүмүүс тэр дундаа бодлого тодорхойлогч нар ийм зүйл ярьж байвал надад үнэхээр харамсалтай байна. Жирийн иргэн ийм зүйл ярьж байвал өөр асуудал шүү. Бодлого тодорхойлдог хүмүүс ингэж яриад сууж байгаа нь  их л хүндрэлтэй санагдаж байгаа. Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь нийгэм тэр аяараа эрүүл мэндийн талаар тодорхой үүрэг хариуцлагатай байна гэсэн үг, энэ зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдгийг ойлгох цаг болсон гэж бодож байна.

    -Сүрьеэгийн халдвар сүүлийн нэг, хоёрхон жилийн хугацаанд нэмэгдчихсэн  юм шиг л одоогийн сайд руу дайраад улстөржүүлээд байна л даа. Гэтэл  өмнө нь байж л байсан. Гол нь илрүүлэлт сайжирсан учраас сая дэгдлээ гэж ойлголоо?

    -Дээр хэлсэн олон зүйлийг хамтын хүчин чармайлтын үр дүнд тодорхой ахиц гарч  байгаа юм. Зөвхөн манай холбооны шугамаар гэхэд 1-2 дугаар улиралд Төв, Дорноговь, Булган аймгийн сумуудад сүрьеэгийн үзлэг  үзлэг аймгийнхантай нь хамтран  зохион байгуулсан.  Гуравдугаар улиралд Хэнтий аймгийн 16 сум, 8 аймгийн уул, уурхайн ажилчдийн дунд зохион байгуулна. Бусад эрүүл мэндийн салбар бас л ажиллаж байгаа.

    Сүрьеэгийн илрүүлэлтийг  сайжруул гэсэн бодлогын хүрээнд маш эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь  олон нийтэд тодорхой байгаа гэж бодож байна.

    Зөвхөн илрүүлэлт бус олон арга хэмжээ сүрьеэгийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн. Хүмүүс бас өмнөхөө сайн  санадаггүй юм шиг байгаа юм. Тухайлбал, сүрьеэгийн эмч нарыг богино хугацаагаар мэргэшүүлэх, шинээр эмнэлэг барих, зарим эмчилгээний горимыг шинэчлэн эмчилгээний хугацааг богинсгох,сүрьеэгийн цэр зөөх гэх мэт  шинэ тогтолцоо бий болгох,диспансерийн үйл ажиллагааг өргөжүүлэх,  ажилчдын цалинг 30 хувиар нэмэх  гэх мэт олон ажлыг  нэрлэж болно.

    Угаасаа эмч нарын цалин бага. Шинэ төгсөөд ирсэн  эмч 500 мянга орчим, 30 жил ажилласан эмч нэг сая орчим төгрөгийн цалинтай, татвар энэ тэрээ суутгаад гар дээрээ хэдийг авах нь ойлгомжтой.  Ийм бага цалингаар  эмч, ажилтнууд маань  дуугүй л ажиллаж байна.  Сүрьеэгийн эмч,сувилагч,асрагч, үйлчлэгч  гэдэг тийм амар ажил биш.  Дандаа зовлонтой, өөрсдөө эрсдэлтэй нөхцөлд, асар их стресстэй, бухимдалтай сэтгэлийн зовнилтой ажилладаг хүмүүс.Гэтэл өдөр,шөнөгүй эрсдэлтэй  нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст нэмэр болж байгаа юм шиг жагсаал цуглаан хийгээд бужигнуулаад байх шаардлагагүй л байх юм.

    Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эрүүл мэндийн боловсролын түвшин манай хүн амын дунд учир дутагдалтай учраас эрүүл мэндийн салбарыг ойлгодог хүн ховор. Уг нь бол хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална гэж ярих ёстой. Эрүүл мэндийн салбар хүний эрүүл мэндийг хамгаалахгүй, харин хүнийг эрүүл байхад нь дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг  л явуулна. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм. Социалист нийгмийн үед эрүүлийг хамгаална гэж ярьдаг байсан байх, энэ хандлага өөрчлөгдсөн.

    Улстөрчид  аливаа асуудлыг углуургатай ярьж, углуургатай ойлгохгүй бол эцсийн дүндээ өөрсдөө төөрөгдөлд ороод, иргэдийг төөрөгдөлд оруулаад улам стресс үүсгэх нөхцөл байдал бий болгоно.

    Стресс үүсэх тусам сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хүндрэлтэй болдог. Энэ бүхэн хүний эрүүл мэндийн өв тэгш бүрэн бүтэн байдалд нөлөөлж  эхэлнэ. Тиймээс эрүүл мэндийн системийн тухай ярих гэж байгаа бол сайн мэдлэгтэй, сайн боловсролтой, цаад утга учирыг нь сайтар нягталж  байж ярих ёстой.

    СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛСААС АВЧ БАЙГАА САНХҮҮЖИЛТ ӨСЧ БАЙГАА 

    -Та бүхэн төсөл, хөтөлбөр  бичээд  гадна, дотны байгууллагад хандаад тодорхой хэмжээгээр санхүүжилт босгоод олон ажлыг хийгээд явж байна. Улсын төсвөөс төсөвлөгддөг мөнгө байна уу?

    -Улсаас санхүүжүүлж байгаа мөнгө  нь  тодорхой хэмжээгээр өсч байгаа. Гэхдээ бидний хүссэн хэмжээнд хүрч байна уу гэвэл үгүй. Нийгэм эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Бидний хүссэн хэмжээнд нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй.  Сүрьеэ өвчнийг устгахад эрүүл мэндийн салбарын тооцооллоор жилд дунджаар 18-20 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Монгол Улс сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн 65 хувийг улсын төсвөөс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс 30 хувийг нь гаргаж байна .  Сүрьеэтэй тэмцэх бүх ажлыг төрийн байгууллага дангаараа хариуцаад даагаад явна гэдэг хүндрэлтэй. 2020 онд “Глобаль” төслийн санхүүжилт дуусна. Дахиж бид төсөл бичээд мөнгө батлуулж авч чадахгүй л юм бол зогсоно гэсэн үг.Өнгөрсөн хугацаанд  тус сангаас авсан мөнгийг үр ашигтай зарцуулж байна уу үгүй юу гэдгийг тэд өөрсдөө нарийн хянаж ирсэн.  Манай улсад  олон жил санхүүжилт өгөөд явж   байгаа нь бид нар үр дүнтэй ажиллаж байгаагийн илрэл  гэж бодож байна.  Манай холбоо гурван ажилтантай, нэг хагас орон тооны хүн байна. Гурван хүн 21 аймгийн бүх суманд ажиллаж, жилд 400-500 сүрьеэ илрүүлж байгааг би хувьдаа том амжилт гэж бодож байгаа. Эхний жилүүдэд орон нутагт ажиллахад нэг хүн жилийн 245 хоногт нь хөдөө томилолттой ажилласан байсан. Эндээс  л ямар их цаг хугацаа, хүч хөдөлмөр орсон нь харагдаж байгаа байх.

    -“Глобаль” сангийн  төслөөр сүрьеэтэй тэмцэхэд цаашид юу юу хийх вэ?

    -2014-2016 оны Сүрьеэгийн тархалтын судалгааг улсын хэмжээнд  60 мянган хүн  хамрагдсан том  судалгаа. Олон ч сайхан үр дүнг хүлээлгэн өгсөн. Энэ судалгаа   олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн дээ.  Хүмүүс би тэрийг хийсэн, би энийг тэгсэн гэж ярих дуртай байдаг. Энэ судалгааг хийхэд Удирдах зөвлөл, техникийн ажлын хэсэг зохион байгуулах, зөвлөх,  хэрэгжүүлэх багууд томилогдон ажилсан. Үндсэн судлаачаар С.Төгсдэлгэр, зохицуулагчаар  СТСЭ-ны тархвар судлаач доктор Д.Наранзул, СТСА-ны эмч мэргэжилтэнгүүд гол ажлын хүндийг үүрч гарсан даа. Яг энэ үед Эрүүл мэндийн дэд сайд байсан Д.Атармаа мөнгө, хөрөнгийг олох босгоход анхаарч  ажилласан хүний нэг. Үүний хүчинд бас өнөөгийн дэвшилд хүрсэн гэдгийг хэлмээр байна. Энэ судалгааны үр дүнг бариад, яриад  байхад бид олон зүйлийг хийж болно. Бодлого ч тодорхой. Тус судалгаагаар сүрьеэтэй гэж оношлогдсон хүмүүсийн 57 хувь нь сум, өрхийн эмнэлгийн түвшинд үзүүлсэн байсан. Тэгэхээр бид бодлогоо сум, өрхийн төвшин рүү чиглүүлэх ёстой нь харагдаж байгаа биз. Тэнд эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангахаас гадна  тэдний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилламаар байна.

    -“Тогтвортой хөгжил 2030” бодлогын баримт бичгийг УИХ-аас баталсан. Энэ баримт бичигт жилд илрүүлж буй сүрьеэгийн тоог нэмэгдүүлж, эмчилнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хэр бодитой зорилт вэ? 

    -Одоо бид жилд 4000 орчим шинэ сүрьеэг илрүүлж байгааг  9000 болгох зорилт дэвшүүлсэн. Мөн хавьтлын 6800 хүнийг илэрүүлж эмчилнэ  гэсэн. Нэгэнт улс бодлогоо гаргачихсан. Улсын гаргаж байгаа бодлогыг өнөөдөр бид боломжтой, боломжгүй гэж  шүүмжлэх нь гол биш. Дэвшүүлсэн зорилтод  хүрэхийг л зорино. Угаасаа тэр хандлагыг нь ч бий болгох ёстой.  Мэргэжлийн хүмүүс тооцоолоод гаргаад ирсэн бичиг баримт шүүдээ.

    -Ялгаварлан гадуурхал манайд их байна. Нэг сургуульд багш, хүүхдүүдэд сүрьеэ илэрсэн  үйл явдлаас харахад л  нийгэм тэр аяараа сүрьеэтэй  гэж  цоллолоо шүү дээ. Сүрьеэ өвчинтэй хүнийг тусгаарлах ёстой юу?

    – Үнэхээр сая ялгаварлан гадуурхалтын маш том үйл явц өрнөлөө. Нэрийг нь хэлж, зургийг нь тавихаас наагуур юм боллоо шүү дээ. Хэзээ ч ийм юм байдаггүй.Байж болох ч үгүй. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд маш их үүрэгтэй оролцсон. Өөрсдөө сүрьеэтэй багш гэж цоллон, нийгэмд мэдээллээ түгээсэн. Халдвар авч, өвдсөн хүмүүс нь бусдаас айж, ичиж нуудаг. Угтаа нийгмийн хайр халамж маш их шаарддаг өвчин юм. Гэр бүл нь салаад явдаг, ажлаас нь халах үзэгдэл их байдаг. Яагаад энэ хүмүүсийг хайрлахгүй байна.

    Сүрьеэ бол ядуурлыг нөхцөлдүүлдэг өвчин. Гэр бүлийн орлогыг 60-70 хувь бууруулдаг.

    Ийм хэмжээгээр орлогогүй болсон айл юугаа идэж, юугаа өмсөх вэ. Бид сүрьеэтэй тэмцээд, ажиллаад байхад эмч нар юу ч хийсэнгүй, эрүүл мэндийн салбар нь дампуурсан гээд л энэ салбарын өндөр албан тушаалд байсан хүн балбаад байгаа. Гэтэл тэр хүний өөрийнх нь оролцоо юу билээ  гэдгийг бодоод үзэх л хэрэгтэй. Үнэхээр эрүүл мэндийн салбарт болохгүй бүтэхгүй юм байна уу гэвэл байгаа. Гол нь тэр алдаан дээрээ суралцаад дахиж гаргахгүй байхад л анхаарах хэрэгтэй юм.

    ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛОО ӨӨРСДӨӨ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ БИД БОЛОВСРОЛ ОЛГОХ ГЭЖ ЗҮТГЭСНЭЭС ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ 

    -Иргэдэд сүрьеэгээс өөрийгөө урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсролыг яаж олгох нь зүйтэй вэ?

    -Иргэд өөрсдийгөө эрүүл мэндээ хамгаалах нь тал дээр олон зүйлийг хийж, эрүүл байхын тулд мэдлэг боловсролоо өөрсдөө дээшүүлэх нь бидний зүгээс боловсрол олгох гэж зүтгэснээс илүү үр дүнтэй. Ямар ч өвчний талаарх хангалттай мэдээлэл интернэт орчинд бий. Эмч нэр дэмжлэг үзүүлэх, чиглэл өгөх, танилцуулах чиглэлээр ажиллах нь зүйтэй болов уу. Нэгэнт өвдсөн хойно нь бид эмчилж л таарна. Сургуульд эрүүл мэндийн хичээлийг түлүү оруулах, заах багш  нь сурганы боловсролтой эмч байх нь туршилт, судалгаагаар тогтоогдсон. Үүн дээр боловсролын байгууллагууд анхаарах цаг болсон. Ямар ч багш өөрөө эрүүл мэндийн боловсролтой байх хэрэгтэй.

    Нөгөө талаас иргэд өөрсдөө суралцаж, хөгжих асуудалд анхаарах цаг нь болжээ.

    Эрүүл мэндээ иргэн хүн өөрөө л хамгаална. Эмчийн оролцоо 10-хан хувь.

    Иргэн та өөрөө л эрэл хайгуул хийж мэдээлэл авч, өөрийгөө хамгаалах зүйлсээ хийхгүй бол хэн ч таны толгой руу хийж өгөхгүй. Зах зээлийн нийгэмд хувь хүн өөрөө л эрүүл мэндээ хамгаалах ёстой. Соц нийгмийн үед төр иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална гээд араас нь явдаг байсан. Хоёр нийгмийн ялгаа нь энэ.

    -Сүрьеэгийн халдвар аль бүсэд их байна вэ. Халдвар авсан хүн бүрэн эдгэхэд хэдий хугацаа орох вэ?

    -Төв, зүүн бүсийн болон, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аймгуудад сүрьеэгийн халдвар  их байдаг. Мөн хилийн боомттой залгаа аймгуудад ч  бас гаралт ихтэй. Төмөр зам дагуу  олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн гаралт их байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Манай хөрш хоёр улс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн гаралтаараа дэлхийд дээгүүрт ордог.

    -Монголын эмч, мэргэжилтүүдийн холбооноос салбарынхандаа өөр ямар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж  байна вэ?

    -Манай “Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо” нь Монгол Улсын 331 сумын эмч, мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Дэмжлэг гэдэгт нь бүх талын дэмжлэг орно. Тухайлбал, бүх л өвчлөлийн асуудлаар шинэ мэдээлэл гарвал түүнийгээ солилцох, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэх мэт олон талаар дэмжих үйл ажиллагааг явуулдаг.Гол үндсэн дөрвөн чиглэлийг барьж ажилладаг.

    Нэгдүгээрт,

    сумын анагаах ухааныг хөгжүүлэх бодлого чиглэлийг хөгжүүлэхэд оролцох,

    Хоёрдугаарт,

    эмч, мэргэжилтнүүдийг судалгаа шинжилгээ хийх, мэргэжлийн зэрэг хамгаалах, ахиулах, мэргэшил дээшлүүлэх талын сургалтын үйл ажиллагаанд дэмжлэгүзүүлэх

    Гуравдугаарт:

    Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тэд нар руу чиглэсэн олон талын үйл ажиллагааг холбогдох бусад байгууллагатай хамтран зохион байгуулах,

    Дөрөвдүгээрт:

    Сумын эрүүл мэндийн төвийн хүн амд үзүүлж буй халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ