• О.Баасанхүү УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдвэл бүлэг болох хууль зүйн эрх үүсэх үү

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллах хүсэлтээ гаргахаар болжээ. Өнөөдөр /2019.06.10/ Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлт хүргүүлэх аж. Энэ тухайгаа тэрбээр  “Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой” гэж твиттерт тайлбарласан байна.

    Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад, “УИХ-ын гишүүн нам, эвслийн бүлэгт сайн дураараа нэгдэх эрх нээлттэй. Тиймээс хуулийн дагуу энэ хүсэлтийг гаргаж байгаа. Харин энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулснаар баталгаажих юм. Үндсэн хууль хэлэлцэх энэ цаг үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх үүднээс ийм шийдвэр гаргасан” гэлээ.

    О.Баасанхүү АН-ын УИХ дахь Зөвлөлд нэгдсэнээр Ардчилсан нам албан ёсоор УИХ-д бүлэгтэй болох нөхцөл бүрдэх, эс эх тухай асуудал хөндөгдөж байна.

    Тэгвэл Монгол улсын Их хурлын тухай хуульд нам эвслийн бүлгийн тухай заалтуудад энэ талаар юу гэж заав.

    26 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг

    26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.

    26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.

    26.9. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно.

    26.10. Энэ хуулийн 26.9-д заасан гишүүд аль нэг бүлэгт нэгдэж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг энэ хуулийн 26.8-д заасны дагуу мэдээлнэ.

    26.11. Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно.

    26.12. Энэ хуулийн 26.11-д заасны дагуу гишүүн аль нэг бүлгээс гарсан, нөгөө бүлэгт нэгдэн орсон бол тухайн бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад, Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдээлнэ.

    Хуулиас харахад О.Баасанхүү АН-ын зөвлөлд орлоо ч тус нам бүлэг байгуулах эрх зүйн боломж хязгаарлагдмал харагдаж байна. Тэгээд ч О.Баасанхүү АН-ын УИХ дахь зөвлөлтэй хамтарч ажиллахаас бус намд нь элсэхгүй гэсэн аж.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас 2016 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшин сонгогдсон юм. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд намын даргатайгаа харилцаа муутай байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ