Шатаар өгсдөг тэргэнцэр,хөдөлгөөн дэмжигч хувцас,ухаалаг таягны ачаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй зорчиж чадна

2019-06-10

Хотод хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрах нь саад тотгор ихтэй, төөрдөг байшин шиг л байдаг учраас туслах техник технологийг өдөр тутамдаа нэвтрүүлснээр илүү хялбар болдог.

Их Британийн үндэсний аялал жуулчлалын судалгаагаар 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жирийн иргэдтэй харьцуулахад 39 хувиар бага гадуур явсан байна.

Харин туслах хэрэгслийн салбарт технологийн ахиц дэвшил гарах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй, идэвхитэй амьдрах нөхцөлийг нь нэмэгдүүлэх юм.

Zion, Coherent зах зээлийн судалгаа хийдэг компаниудын судалгаанаас харвал туслах хэрэгслийн зах зээл 2015 онд 14 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2024 он гэхэд 30.8 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна.

Ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хотод амьдрахыг хөнгөвчлөх 3 технологийн шийдлийг хүргэе.

Шатаар өгсдөг тэргэнцэр

Швейцарын  иргэн Жоз Ди Фелис гурван жилийн өмнө мотоциклийн  ослын улмаас хоёр хөл, нэг гар нь мэдээгүй болсон. Харин үүний дараа тэргэнцэртэй хотоор явахад түүнд тулгамдаж байсан хамгийн том асуудал нь шат байв. Жоз асуудлаа шийдэхийн тулд шатаар өгсөх боломжтой технологийн эрэлд гарсан бөгөөд шийдлийг  олсон нь  Scewo гарааны компанийг үүсгэн байгуулжээ. Улмаар анхны загварыг нь туршиж үзэхийг санал болгосноор одоо Жоз түвэггүй шатаар явдаг болсон байна. Scewo-гийн шатаар өгсдөг тэргэнцэр 2019 оны сүүлээр албан ёсоор хэрэглэгчдийн гарт очих юм байна.

Хөдөлгөөн дэмжигч роботон хувцас

Хөдөлгөөний бэрхшээлийн төвшнөөс хамаараад тэргэнцрээс гадна хөдөлгөөн дэмжигч роботон хувцсыг хэрэглэгч сонгох боломжтой. Швейцарын  Цюрих хотоос гаралтай MyoSwiss гарааны компани хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст тэнцвэрээ олох, саадгүй хөдөлгөөн хийхэд нь туслах роботон өмсгөлийг зохион бүтээжээ. Хүний биеийн гадуур нэг ёсондоо нэмэлт роботон булчин өмсгөж байна гэсэн үг юм. Өмсгөлийн нийт жин 5 килограмм.

Зөвхөн алхах, зогсох зэрэг удаад хөдөлгөөн хийх бус хурдан гүйхэд ч роботон хөдөлгөөн дэмжигч өмсгөл туслахаараа онцлог. Энэ жилийн Цюрих хотын марафонд роботон өмсгөлтэй хоёр ч хүн оролцжээ.

Ухаалаг таяг

Дэлхий даяар нийт 39 сая сохор хүн, харин 250 гаруй  сая харааны бэрхшээлтэй хүн байдаг гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Харин энэхүү Туркийн Young Guru Academy-ийн зохион бүтээсэн WeWalk таяг туслах хэрэгслийн тусламжтайгаар харааны бэрхшээлтэй иргэд урдаа байгаа саад тотгорыг мэдэх боломжтой болж байна. WeWalk таяг нь цээжний түвшнээс дээш саадыг илрүүлдэг хэт авианы мэдрэгчтэй ба хэрвээ саад илэрсэн тохиолдолд хэрэглэгчдэд чичиргээ маягаар дохио өгдөг байна. WeWalk таягийг мөн ухаалаг утастайгаа холбон явах замыг тодорхойлох боломжтой юм.

Эх сурвалж: Cnn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ