• Мах экспортлоход олон улсын стандарт шаардлагыг хангасан лабораториудын хүчин чадал дутагдаж байна

    2019-06-07

    Жил бүрийн зургадугаар сарын 9-нд Дэлхийн итгэмжлэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг Монгол улс Олон улсын итгэмжлэлийн форум, Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудын санаачилгын хүрээнд   11 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Эл  өдрийг жил бүр тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил  дэлхий нийтээрээ “Хангамжийн сүлжээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэлийн үүрэг” сэдвийн дор  тэмдэглэж байна.

    Манай улс  энэ жил үндэсний үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүн гэж нэрлэж болох бэлчээрийн малын махыг экспортлоход  тулгардаг бэрхшээлийн шийдлийг олохыг зорилгоо болгожээ.

    Бэлчээрийн малын махыг экспортлоход гол тулгардаг асуудал бол махны гарал үүсэл,махны чанарыг тодорхойлох олон улсын стандартад нийцсэн лабораторийн хүчин чадал аж.  Махаа гадаад орнуудын зах зээлд гаргахын тулд   малын гаралтай бүтээгдэхүүнд тавигддаг олон улсын шаардлагуудыг судлан, түүний дагуу шинжилгээг нь хийдэг лабораториудыг чадавхжуулах нь бидний хамгийн эхэнд анхаарах ёстой зүйл гэдгийг өнөөдөр Стандарт хэмжил зүйн газраас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

    Өнөөдөр манайд  худалдаалагддаг махны ихэнх нь гарал үүслийн хувьд тодорхойгүй. Тэгвэл   хэрэглэгч махны савлагаан дээрх бар кодыг уншуулан, аль аймгийн, хэн гэдэг малчны хотоос ирсэн гэдгийг мэдэх боломжтой болжээ.   Манай улсын хэмжээнд малыг эрүүл гэдгийг тогтоодог 95 итгэмжлэгдсэн лаборатори үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Мал эмнэлгийн төв лаборатори л зөвхөн  малын маханд бичил биетэн, антибиотикийн үлдэгдэл,гормон, пестицид, хүнд метал, бусад хорт бодисын үлдэгдлийг  шинжилж, олон улсын стандартынх нь дагуу тогтоож байна.

    Бусад лабораториудын хувьд тодорхой хэмжээнд дээрх бүх шинжилгээг хийдэг боловч чанарын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартад хүрдэггүй. Жишээлбэл, өндөр эрсдэлтэй үлдэгдэл бодист тооцогдох хлорамфеникопийг манай лабораториуд 0.2 хлор/килограммыг тогтоож чаддаг байхад олон улсад 0.3 хлор/килограмм буюу илүү нарийвчилсан үзүүлэлтийг шаарддаг.

    Зөвхөн эм, антиобиотикийн хувьд авч үзэхэд А, Б ангиллын нийт 870 гаруй зүйлийн эмийн шинжилгээг хийж гүйцэтгэж байж махаа экспортлох нэг шалгуур үзүүлэлт биелэгдэнэ Click To Tweet. Малыг эрүүлжүүлэх зорилгоор хэрэглэсэн эм, антиобиотикийн үлдэгдэл таван цуллаг эрхтэн, өөх, булчин, мах гээд хаа нэг газарт тодорхой хэмжээгээр үлддэг. Хүнсэнд хэрэглэгдэх махны хувьд ямар нэгэн антибиотикийн үлдэгдэл байж болохгүй учраас лабораторийн шинжилгээгээр илэрсэн тохиолдолд малын биеэс гадагшлах хугацаа хүртэл хүлээх шаардлагатай байдгийг Мал эмнэлгийн төв лабораторийн Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн хэлтсийн дарга Ц.Энхтуяа зөвлөв.

    Цаашид бусад итгэмжлэгдсэн лабораториудын чадавхийг нэмэгдүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх арга,аргачлалыг нэвтрүүлснээр малын махны гарал үүслийг тодорхойлох хүчин чадалтай болж, улмаар экспортод гаргах нэг саад арилах ажээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ