Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн шигшээ багийн залуус монголчуудаа огшуулж байна

Өчигдөр Монгол даяараа л баяр хөөртэй байлаа. Учир нь Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ багийн залуус 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Брунейн шигшээ багтай хийн 2:0-оор хожлоо.

Мөн манай нийслэлийн төв талбайд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж буй 18 хүртэлх насны 3:3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд монгол хөвүүд шалгарлаа. Эдгээр нь Монголчуудын нийтээрээ огших, баярлах шалтгаан болсон юм.

“Талын хөх чононууд” Брунейн шигшээг 2:0 харьцаагаар хожив

2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтод Монголын шигшээ баг өрсөлдөгч Брунeйн шигшээ багийг 2:0 харьцаагаар хожлоо.

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр 17:00 цагаас эхлэсэн Монгол – Брунейн шигшээ багуудын тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад Н.Цэдэнбал хаалттай цохилтоос хийн, хөгжөөн дэмжигчдээ баярлуулав.

Тоглолтын хоёрдугаар үеийн 69 дэх минутад Н.Наранболд удаах гоолыг хийн, тооны харьцааг улам холдуулсан.

“Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан бол Бруней Даруссалам улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзсэн аж. 06-р сарын 06, 11-нд болох хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө тоглоно.

Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт бичигдэж байна. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн тоглолтын чанар улам сайжирч, дэлхийн чансаагаа арагш биш урагш явуулж, тогтмол амжилт үзүүлж байгаа.

Монгол хөвгүүд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Азийн Хүүхдүүд 2020 наадам Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжлэн явагдсаар байна.

Өчигдөр манай эрэгтэй баг хоёр тоглолт хийснээс нэг хожин, нэг хожигдов. Эхний тоглолтоо Гүрж улсын багийн эсрэг хийн 18:16 харьцаагаар хожиж хэсгийн 3 дахь ялалтаа байгуулж Дэлхийн Аваргын шилдэг 8-д шалгарлаа.

Өмнө нь манай хөвгүүд Беларус, Грузины багийг хожоод байсан юм.

Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо АНУ-ын хүчирхэг багийн эсрэг хийж 21:10 харьцаагаар хожигдож хэсгээсээ 2-р байраар шалгарлаа.

Өнөөдөр манай баг Сүхбаатарын Талбайд 13:00 цагаас хасагдах шатны тоглолтоо Туркын багийн эсрэг хийнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ