• Н.Төгсцогт: Өөрийн зорилгодоо хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна

    Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксын “IBO” холбооны дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр “The Corporate Hotel and Convention Centre” -т хэвлэлийн хурал хийлээ. 

    Н.Төгсцогт эх орондоо амрахаар түр хугацаагаар ирсэн бөгөөд харъяалагддаг холбооноос нь дуудсан тул тун удахгүй буцах гэж байгаа аж. Н.Төгсцогт өнгөрсөн нэгдүгээр сард Колумбын “Дайчин” хочит Эскандоныг ялсанаар IBO холбооны аварга болсон.

    Түүний дараагийн тулааны өрсөлдөгч нь WBC холбооны аварга Гарри Рассель аж. Хэрвээ Гари Рассель Н.Төгсцогттой тулалдахыг зөвшөөрвөл хоёр боксчины тулаан есдүгээр сард болох тов зарлагдах нь. Харин тулалдахыг үл зөвшөөрвөл WBC холбооноос Г.Расселийн аварга цолыг хураан авч Н.Төгсцогтод олгох ба тэрбээр наймдугаар сарын 3-нд аваргын бүсээ хамгаалах тулааныг хийхээр болжээ.

    Н.Төгсцогт “Миний дараагийн тулаан наймдугаар сард болохоор болсон. Г.Рассель надтай тулаан хийхийг зөвшөөрвөл бидний тулаан есдүгээр сард болох байх. Хэрвээ надтай тулалдахгүй бол түүний аваргын бүсийг хураан авна. Тэгвэл би наймдугаар сард тулалдах ёстой болох юм. Гарри Расселийг ялна гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээв.

    Түүний хувьд одоогийн клубтэйгээ хийсэн гэрээ нь нэг жилийн дараа дуусна. Гэрээгээ дуусахаар дахин 5-6 жилийн гэрээ хийнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Н.Төгсцогт “VENUM” хэмээх спортын брэндтэй албан ёсоор нэг жилийн гэрээ хийсэн ба тус брэнд түүнд зориулан бээлий, хувцас хэрэглэлийг тусгайлан хийж байгаа аж. Тэрбээр цааш нь “Өөрийн өмнөө тавьсан зорилгодоо хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна. Америкт ирээд бүх зүйлийг тэгээс эхэлж ТОМ амжилтанд хүрэхийг хичээж явна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ