• УИХ-ын гишүүн  С.Бямбацогт “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

    2019-06-06

    УИХ-ын гишүүн, Улстөрийн намын  тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт өнөөдөр    “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн төлөөллийг   хүлээн авч уулзаж,санал солилцлоо. Уулзалтад “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа, “Трансперенси Интернэшнл Монгол” олон улсын байгууллагын Ерөнхийлөгч Л.Төр-Од,  ”Транспэрэнси Интернэшнл-Монгол”  олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал, судлаач О.Батбаяр,”Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гийн тэргүүн Ц.Бүжидмаа, “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”-ны тэргүүн Т.Бүдээхүү нар оролцлоо.

    “Шилэн нам” авлигын эсрэг түншлэл нь хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд улстөрийн намуудын удирдлага,иргэний нийгэм,улстөрчид,хэвлэл мэдээллийнхний дунд улстөрийн намын санхүүжилтийг ил тод, хариуцлагатай болгох түншлэлийг бий болгон ажиллаж буй сайн дурын нэгдэл юм.

    “Шилэн нам” авлигын эсрэн түншлэлээс “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийж,  улстөрийн намууд болон  сэтгүүлчдэд танилцуулах уулзалтуудыг хийж байна. Улмаар Улстөрийн  намын тухай хуулийг шинэчлэх асуудалд анхаарал хандуулж, уг  хуулийн төслийг хэлэлцүүлж,батлуулахад иргэний нийгмийн зүгээс хувь нэмэр оруулах зорилготой юм.

    Уулзалтын үеэр “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн төлөөлөл судалгааны дүн, хуульд оруулах шаардлагатай зарчмын саналуудаа танилцуулсан бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт Улстөрийн  намын тухай хуулийн төслийн явцын талаар мэдээлэл өглөө. Ажлын хэсгийн ахлагчийн мэдээлснээр, Улстөрийн намын тухай хуулийн дэд ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж дуусчээ.Харин намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хуралдаж,асуудлаа шийдэхэд ирц хүрэхгүй зэрэг бэрхшээл тулгарч байгаа аж. Хуулийн төсөлд улстөрийн намыг хариуцлагатай, ил тод болгоход чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүд тусгасан байна. Харин санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгоход тохирох агуулга, томьёоллыг хараахан эцэслэн шийдээгүй байгаа аж. Тиймээс энэ асуудлаар Улстөрийн намын  тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах ажлын хэсэг, “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийнхэнтэй хуулийн төслийн зарчмын асуудлуудаар  идэвхтэй хамтран ажиллаж, ойрын үед хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ