• ДАШТ-2022 тэмцээий урьдчилсан шат өнөөдөр Монгол, Брунейн тоглолтоор эхэлнэ

    Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 онд Катарт болох ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Брунейн шигшээ багтай өнөөдөр өөрийн талбайдаа хийнэ. Энэ тоглолт “Катар 2020” ДАШТ-ий урьдчилсан шатыг эхлүүлж байгаа юм.

    2002 оноос хойш ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх болсон Монгол Улсын шигшээ баг сүүлийн чансаагаар 187-р байрт бичигдсэн бол Брунейн 194-р байрт эрэмбэлэгджээ. Хоёр баг урьд нь таарч байгаагүй бөгөөд 2017 онд тоглох хуваарьтай байсан ч цуцлагдаж байсан түүхтэй.

    Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглохын тулд сүүлийн хоёр жил идэвхтэй бэлтгэл хийжээ. Тиймээс шигшээ баг үе үеийн шилдэг тамирчдаа дуудсан байна. Өнөөдөр талбайд гарах үндсэн тоглогчдыг танилцуулах болоогүй гэдгийг Герман мэргэжилтэн Майкл Вайсс өчигдөр хэлсэн. Тиймээс 17:00 цагаас эхлэх тоглолтод хэн хэн гарах нь тодорхойгүй ч шигшээ багийн тамирчид тоглоход бэлэн болжээ.

    “Бид Тайландад бэлтгэл хийгээд ирлээ. Баг тамирчид энэ тэмцээнд тоглохын тулд хоёр жил бэлтгэсэн. Тамирчдын сэтгэл зүй өндөр байна. Бэртэлтэй тамирчид нөхөн сэргээх эмчилгээ хийж, талбайд гарахад бэлэн болсон. Мэдээж өрсөлдөгч Брунейн баг сайн бэлтгэсэн байх. Тэдний хувьд шинэ дасгалжуулагчтай ажиллаад удаагүй байна. Гэхдээ Сингапурын хоёр тоглогчийг багтаа авсан. Бидний хувьд бүхий л зүйлд бэлэн байгаа учраас маш сайн үр дүн авчрахын төлөө тоглох болно” гэж Монголын багийн дасгалжуулагч Майкл Вайсс хэлсэн юм.

    Бруней Даруссаламын шигшээ багийн дасгалжуулагч Робби Сервай “Цаг агаар сайнгүй байгаа учраас тоглолтын үр дүнд өөрчлөлт гарч магадгүй. Бид Монголын талбайд үр дүнтэй тоглох болно” гэж хэлжээ.

    Брунейн шигшээ багийг аваад удаагүй байгаа Голланд мэргэжилтэн Робби Сервай “Монголын баг эхний тоглолтоо гэртээ тоглох гэж байгаа болохоор давуу талтай. Брунейд цаг агаар чийглэг, халуун. Тоглолтын үр дүн ямар гарах нь их сонирхол татаж байна. Монголчуудад давуу тал байгаа учраас би өөрийнхөө тактикийг ашигласан” гэж хэлжээ.

    Брунейн шигшээ баг Монголд ирэхийн өмнө БНХАУ-д бэлтгэл хийж, Бээжингийн биеийн тамирын их сургуулийн шигшээ багтай тоглож, 5:4-өөр хожжээ. Багтаа Сингапурын хоёр тоглогчийг багтаасан Брунейн шигшээ багт хэд хэдэн онцлох тоглогчид байгаа аж.

    2002 оноос ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглож буй Монголын шигшээ баг өнөөдөр өөрийн талбайдаа шийдвэрлэх тоглолт хийх гэж байна. Манай залуус өрсөлдөгч багаа онооны давуу байдалтай хожих эрмэлзэлтэйгээ хэлж, шигшээ багт маш сайн бэлтгэгдсэн гэдгийг хэллээ. Өнөөдрийн тоглолтоос гадна хариу тоглолт зургадугаар сарын 11-д Брунейн талбайд болно.

    Монголчуудаа та бүхэн “Талын хөх чононууд”-аа дэмжихийг хүсвэл 17:00 цагаас өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Хөлбөмбөгийн талбайг зориорой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ