• “Приус” унахыг дэмжсэн  Б.Энх-Амгалан сайдын зөв

    Сүүлийн хэд хоногт “Приус” машиныг хориглох нь зөв, буруун тухай сошиалд төдийгүй нийгэмд хэлэлцүүлэг явагдаж байна.

    УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Баруун талдаа хүрдтэй автомашиныг 2021 оноос явуулахгүй болгох тухай” тусгагдсан нь ийнхүү шуугиулж байгаа хэрэг юм.

    Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгээс 2021 оноос эхлэн баруун талдаа хүрдтэй автомашиныг болон 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг явуулахгүй байх заалтуудыг тусган оруулж иржээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан , ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж,  хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт  орж ирснийх нь дараа уг заалтыг татаж авна гэдгээ илэрхийллээ.

    Сайдын санал зөв гэдгийг бодит амьдрал харуулж байгаа.   Буруу талдаа руль /жолооны хүрд/-тэй автомашиныг хориглох санал  анх удаа яригдаж байгаа юм биш, өмнө нь   УИХ, Засгийн газрын төвшинд олон удаа яригдсан. Гэвч яг өнөөгийнх шиг тухай бүрд нь эсэргүүцсээр  ирсэн.

    Буруу талдаа жолоотой машин нь манай замын дүрмээс гажууд учир ялангуяа  Замын /одоо тээврийн цагдаа болсон/ цагдаагийнхан байнга гаргадаг. Мөн зөв талдаа жолооны хүрдтэй машин буюу Герман, Солонгос, АНУ-д үйлдвэрлэсэн машин импортолдог компаниуд өөрсдийн улс төр дэх төлөөллөөрөө дамжуулан лоббидож ийм санал, хуулийн төслийг өргөн бариулдаг уламжлалтай. Гэвч амьдрал дээр өөр.Ядуу ардын авч чадах ганц унаа нь “Приус”. “Приус”үнэ хямд,шатахуун бага иднэ .Төр,засаг ард түмнийхээ амьдралыг өөд татаж чадаагүй байж унадаг унааг нь хоригловол жинхэнэ ард түмэн жинхэнээсээ босох байх.

    Судалгаагаар машин унадаг хүмүүсийн 40-50 хувь нь “Приус”-тай гэнэ. Дээрээс нь  10 жилийн насжилттай  машинуудыг шууд явуулахгүй байх  бас  хэцүү. Манайхны олонхийн хөл дүүжлэх унаа 10 байтугай жилийн настай. Тэгэхээр наана цаанатай л хандах ёстой. Эсрэгээрээ хуучин машины импортыг хумих цаг болсон нь үнэн.

    Энэ мэт бодит амьдралаа харж анзаарч,амьдралд ойр  шийдвэр гаргаж байхгүй бол ард түмнээ ядуугийн туйлд түлхэж, уур хилэнг нь асааж, сөргөлдөөн тэмцэлд турхирахаас цаашгүй билээ. Тиймээс “Приус”-ыг хориглохыг эсэргүүцсэн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангийн зөв. Мэдээж бүх “Приус” Монголын замын дүрмийн эсрэг. Гэхдээ ард түмний амьдралын өнгө бол “Приус”.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ