
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил тод болгож байгаа талаар уг хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий УИХ-ын түр хорооноос өнөөдөр мэдээлэв.
Энэ талаар тус түр хорооны дарга Ж.Батзандан, “С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг Засгийн газар нууцын зэрэглэлээс гаргасан. Энэ дагуу өчигдөр буюу энэ сарын 4-нд МҮОНТ-ээр эрүүдэн шүүсэн бичлэгийн зарим хэсгийг гаргалаа. Мөн цор ганц гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгохоор ажиллаж байна.
Түр хорооны гишүүд ОУПХ-ны төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Төлөөлөгчид Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нартай уулзах хүсэлт ирүүлснийг мөн хүлээн авсан. Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг ОУПХ-ны төлөөлөгчдөд танилцуулах боломж байгаа эсэхийг судалж байгаа. Өнгөрсөн хугацаанд тагнуул, прокурорын байгууллагын удирдлагуудтай тогтмол уулзаж, сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг шаардаж ирлээ. Эрүүдэн шүүх ажилд оролцсон 8 хүнийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх болсон тухай мэдээллийг Засгийн газар, ХЗДХЯ-наас ирүүлсэн” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.