Ш.Раднаасэд: ҮХЦ улстөрийн хараат шийдвэр гаргадаггүй байгаасай

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ЗГХЭГ-ын дэд дарга Г.Баясгаланг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Г.Баясгаланг санал болгосон.

Д.Ганзориг өмнө нь УИХ-аас цэцийн гишүүнээр томилогдож байсан учир энэ удаад түүний оронд томилох хүнийг УИХ-аас санал болгож байгаа юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Нэр дэвшигчийг дэмжиж байна. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүд сүүлийн үед асуудал шийддэггүй, хойшоо суудаг, бэргэдэг юм руу орчихсон. Ганц нэг асуудлууд цэц дээр очоод дарагдаад байна. Хууль журмаа баримтлахгүй, улстөрийн нөхцөл байдлыг харж байгаад шийдвэр гаргадаг төрх харагдаад байгаа шүү. Хууль, журам, дэг харагдахгүй байгаа. Тиймээс ямар нэгэн улстөрийн хараат шийдвэр гаргадаггүй байгаасай гэж хүсч байна” гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнээр Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг маргаашийн чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ