• Цагдаагийн алба хаагчийг машинаар чирж аминд нь хүрсэн этгээдүүдэд ял оноолоо

    Цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноолоо.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.

    Мөн шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдууллаа.

    Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

    Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ ахлах ахлагч Д.Батсайханыг чирч биед нь хүнд гэмтэл учруулан, улмаар цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авсаны улмаас нас барсан.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ