
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлийн 100 саяыг нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу эргэн төлөлтийг хуваарьт хугацаанаас нь өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барагдуулсан. Мөн өнгөрсөн оны хоёр дугаар сарын эцсээр 50 сая ам.долларыг төлсөн билээ.
Тэгвэл үлдэх 50 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдуулах шийдвэрийг өчигдөр гаргажээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс-Таван толгой” ХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ үндсэн төлбөрийг барагдуулж дууссан гэсэн үг.
Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр “Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү 200 сая ам.долларыг зээлсэн юм. Эргэн сануулахад, тус компани Хятадын “Чалко”-гийн өрийг 2017 онд бүрэн төлж барагдуулсан билээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамт олон энэ онд 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Тэд он гарснаас хойш гурван сая гаруй тонн нүүрс экспортлохоор Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.