Нийгмийн даатгалд өртэй ажил олгогчийн мэдээллийг Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлдэг болно

Энэ  оны нэгдүгээр улирлын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 13 мянга орчим ажил олгогч байгууллага 130 орчим тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй байгаа аж. Үүний цаана 160 гаруй мянган даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас өртэй ажил олгогчийн мэдээллийг Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлэхээр болжээ.

Энэ  талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хуримтлалын сан удирдлагын хэлтсийн дарга Д.Баяржаргал “Өртэй ажил олгогч, байгууллагуудын цаана 160 гаруй мянган даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын ерөнхий газраас үзүүлэх 30 төрлийн үйлчилгээнээс тодорхой хэсэг нь хязгаарлагдах эрсдэлтэй. Тухайлбал, жирэмсэн амарсны тэтгэмжээ авах, ажилгүйдлийн тэтгэмж авах, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан тэтгэмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хөнгөлөлт, тэтгэврийн хэмжээ буурч, өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх, арилжааны банкнаас зээл авах эрх, гадаад улс руу зорчиход виз мэдүүлэх зэрэг эрхүүд зөрчигдөж, эдгээр үйлчилгээг авахад эрсдэл үүсч, эрх нь хязгаарлагдана. Ийм эрсдэл байгаа учраас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өртэй ажил олгогч байгууллагуудын мэдээллийг зургадугаар сарын 20-ны өдрөөс Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлэхээр холбогдох мэдээллийг ажил олгогч байгууллагуудад мэдэгдээд байна” хэмээжээ.

Д.Баяржаргал мөн “Ажил олгогч байгууллага ажилтан, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд шилжүүлээгүйгээс хамаарч,  даатгуулагчдынхаа нийгмийн баталгааг алдагдуулж, даатгалын үйлчилгээг авах боломжийг хааж байна. Тиймээс даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс өртэй байгууллагуудын мэдээллийг Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлж байгаа болохоос тухайн байгууллагад ажиллаж буй иргэн даатгуулагчдын эрх ашгийг хязгаарлахгүй. Харин даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, ирээдүйд гарах эрсдэлийг хаах үүднээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн өртэй ажил олгогч байгууллагын мэдээллийн “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлж байна гэж ойлгож болно. Өртэй ажил олгогч байгууллагын нэрсийг Монгол банкны “Зээлийн нэгдсэн сан”-д бүртгүүлснээр иргэн даатгуулагч хохирно гэсэн ойлголт байхгүй” гэсэн байна.

Гэхдээ энэ нь ажил олгогч байгууллагыг ч хааж боосон хэрэг биш болох тухай ч ярьжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ